Гадаад харилцааны яамыг Ц.Мөнх-Оргил тэргүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-07-23 00:15:14

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаас Ц.Мөнх-Оргилыг Гадаад харилцааны сайдаар томилов. 

Хэлэлцүүлгийн эхэнд Аюулгүй байдал,гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр байнгын хорооны санал дүгнэлтийг хийсэн юм. Үүний дараа УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, "Зарчмын чанартай ганц нэг үг хэлье. Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд сайд нарын нэрсийг оруулж ирсэн. Ачаа даах хүмүүсийг дэвшүүлсэн гэж бодож байна. Шинэ сайдууд Засгийн газрын үйл ажиллагаанд эв нэгдлийг сахиж, кабинетын зарчмаар нээлттэй, ил тод, шударга ажиллаарай. Амьдралд ойр сайд нар байгаасай гэж хүсч байна" гэлээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Н.Оюундарь дипломат ажилтнуудыг мэргэшүүлэхэд болон дипломатуудын нийгмийн хамгааллын асуудалд анхаарлаа хандуулж ажиллахыг захив. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү, "Дипломат албаны тухай хуулийг батлуулах хэрэгтэй. Салбартаа мэргэшсэн албан хаагчдыг ажиллуулаарай. Сайн ажиллахгүй бол огцруулах асуудлыг хөндөнө шүү" гэсэн юм. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын хувьд, "Гадаад харилцааг эдийн засагжуулах тал дээр ямар алхам хийх вэ. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад бид 10 гаруй жил ажиглагчаар сууж байна. Энэ байгууллагад манай улс орох уу. Төвийг сахих тухайд ямар байр суурьтай байна вэ" гэсэн асуулт тавьсан.

Нэр дэвшигч Ц.Мөнх-Оргил, "Гадаад харилцааг эдийн засагжуулах гэсэн таны хэлж буй санаачилгыг дэмжиж байна. Өмнө нь Засгийн газраас баталсан гэрээнүүдийн хэрэгжилтийг хянаж үзнэ. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх тухай асуудал нь ҮАБЗ-ийн түвшинд яригдаж таарна. Төвийг сахих бодлого нь маргаан дагуулсан асуудал юм. Онол ярихаас гадна манай улсын нөхцөл байдал, найрсаг хамтын ажиллагаатай улс орнуудтай холбоотой олон асуудал хөндөгдөх тул олон түвшинд ярьж таарна" гэлээ.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан энэ үеэр хэлсэн үгэндээ олон улсын гэрээг эх хэл дээрээ буулгаж нийтийн хэрэгцээнд оруулах хэрэгтэй гэсний зэрэгцээ 7 дугаар сарын нэгний үйл явдлын үеэр гаргасан шиг алдаа гаргахгүй байхыг хүслээ. Харин УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа дипломат албаны нэр хүндийг өргөхөд анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Үүгээр гишүүд хэлэлцэж буй асуудлаар асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад 93.7 хувь нь дэмжив.

Ц.Мөнх-Оргилын намтар 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 1964 онд төрсөн. Нийслэлийн 10 жилийн 23 дугаар дунд сургуулийг 1982 онд, Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулийг Олон улсын эрх зүйч мэргэжлээр 1988 онд, АНУ-ын Харвардын их сургуулийн Хуулийн сургуулийг 1996 онд тус тус төгссөн. Орос, англи, франц хэлтэй.

Б.Туул

Холбоотой мэдээ