“Соёл, урлагийн байгууллагын менежментийн чадавхыг бэхжүүлэх нь" зөвлөгөөн болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2022-02-24 17:48:15
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт соёл урлагийн салбарын удирдах ажилтнуудын “Соёл, урлагийн байгууллагын менежментийн чадавхыг бэхжүүлэх нь" зөвлөгөөн болж байна.
Нийгмийг соён гэгээрүүлэх, өв соёлоо таниулан сурталчлахад соёл урлагийн салбарын нөлөө хамгийн чухал. Иймд Аймгийн нийт Соёл, урлагийн салбарын ажилтнуудын чадавхыг бэхжүүлэн сайжруулах, тэдэнд тулгарч буй асуудал, ажил байдлыг сонсон хэлэлцэх зорилтын хүрээнд энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байна гэж аймгийн ОНХА-аас мэдээллээ.
Зөвлөгөөнд Соёлын дэд сайд М.Батбаяр Соёлын яамны мэргэжилтнүүд, Улсын драмын эрдмийн театрын Ерөнхий найруулагч Н.Наранбаатар нар ирж оролцож байна. Өмнөговь аймаг соёл урлагийн салбараа хөгжүүлэх зорилгоор олон улсын стандартад нийцсэн Хөгжимт жүжгийн театр, Музейн барилгуудыг дуусгаж ашиглалтад оруулсан. Мөн энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Төв номын сангийн барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Соёлын дэд сайд М.Батбаяр "Театр чуулга шинэ өнгө төрхтэйгөөр ард түмэнд үйлчлэх, бүс нутагтаа соёлыг нэвтрүүлэн ажиллах, урын сангаа баяжуулахад төрийн зүгээс бодлого,чиглэлээр онцгой анхаарал хандуулан ажиллахаар Соёлын сайдын тушаалаар ажлын баг байгуулсан. Өмнөговь аймгийн ХЖТ-ын ирээдүйн хөгжлийн чиг хандлагын төлөвлөгөө боловсруулах ажилд дэмжлэг үзүүлнэ" гэлээ.
Холбоотой мэдээ