АН- ын 14 төлөөлөгч анхдугаар хуралдааныг хууль бус гэж үзэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-07-23 23:11:46

ИТХ- ын анхдугаар хуралдаанд АН- аас нэр дэвшин сонгогдсон 14 төлөөлөгч суугаагүй бөгөөд тэдний бүрэн эрх баталгаажаагүй байна. Тэд анхдугаар хуралдааныг хууль бус боллоо гэж үзжээ.

Сонгуулийн санал хураасан өдрөөс хойш 20 хоногийн дотор ИТХ- ын анхдугаар хуралдаан хуралдах хуультай бөгөөд харин Дундговь аймгийн ИТХ- ын тэргүүлэгчдийн хувьд Луус суманд дахин сонгууль явуулсан 7 дугаар сарын 2- ны өдрөөс эхлэн 20 хоногоор тооцон 22- ны 14 цагт анхдугаар хуралдаан товлосон. Үүнийг хууль зөрчсөн шийдвэр гэж үзэн МАН- аас нэр дэвшин сонгогдсон нэр бүхий 19 төлөөлөгч ИТХ- ын ажлын албанд шаардлага хүргүүлснээр  19- ны өдөр анхдугаар хуралдааныг хуралдуулсан. Хуралд МАН- ын 19, МАХН- ын 1 төлөөлөгч хүрэлцэн ирж, бүрэн эрхээ баталгаажуулан үнэмлэхээ гардаад, анхдугаар хуралдааны дэгийг баталсан бөгөөд  зохион байгуулалтын асуудлыг хойшлуулж, хуралдааныг 22- ны өдөр хүртэл түр завсарлуулсан юм.

22- ны өдөр хуралдааныг үргэлжлүүлэхэд түрүүчийн адил МАН, МАХН- ын 20 төлөөлөгч ирж, ИТХ- ын даргыг сонгон, Засаг даргад нэр дэвшүүлэх тогтоолыг баталсан. ИТХ- ын тэргүүлэгчдийн тогтоосон тов буюу энэ өдрийн 14 цагт АН- ын 14, бие даан сонгогдсон 1 төлөөлөгч хуралдаанд хүрэлцэн ирсэн бөгөөд тэд анхдугаар хуралдааныг ингэж тэргүүлэгчдийн тогтоосон товоос урьтаж хуралдсан нь хууль бус хэмээх байр сууриа илэрхийлсэн. 19- нд хуралдах боллоо гэдгийг ч мэдэгдээгүй хэмээх шүүмжлэлийг  ИТХ- ын ажлын албанд хандуулсан юм.

Ажлын албанаас хариулахдаа, 19- ны үдээс хойш 15 цаг 45 минутад 19 төлөөлөгчийн шаардлага ирж, 17 цагт хуралдаан эхлүүлэхээр болсон. Давчуу хугацаа байсан тул төлөөлөгч бүрт товыг дуулгах нөхцөл бүрдээгүй гэлээ.

ИТХ- ын тэргүүлэгчдийн тов тогтоосон тогтоолыг зөрчин ийнхүү урьдчилж хуралдан, МАН дангаараа асуудлыг шийдэж буйг буруушаан АН- ын төлөөлөгчид хуралдааны орхин  гарсан юм.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ