Хятад улс нүүрсний дараах өсөлтийн эрин үед оржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-07-26 11:46:56

ЛОНДОН. /Xinhua/. БНХАУ-ын нүүрсний хэрэглээ сүүлийн жилүүдэд оргилдоо тулсан байж магадгүйгээс үзвэл тус улс нүүрсний дараах өсөлтийн эрин үед орсон болохыг "Nature Geoscience" сэтгүүлд гарсан нийтлэлд дурджээ.

Уг нийтлэлийг БНХАУ, Их Британи, АНУ-ын судалгааны хүрээлэнгүүдийн эрдэмтэд хамтран бичсэн байна.

Хятадын нүүрсний хэрэглээний оргил үеийг тодорхойлох нь маргаантай байсан бөгөөд энэ үе 2020-2040 онд тохионо гэж ихэнх судлаачид таамаглаж байжээ.

Гэтэл Хятадын нүүрсний хэрэглээ 2014 онд 2.9 хувиар буурч 4.12 тэрбум тонн болсон бол 2015 онд дахин 3.6 хувиар буурсан хэдий ч ДНБ нь 2014 онд 7.3 хувь, 2015 онд 6.9 хувиар өсчээ.

Үүнээс үзвэл Хятадын нүүрсний хэрэглээ 2013 эсвэл 2014 онд оргилдоо хүрсэн байж магадгүй бөгөөд хэрвээ илүү өндөр чанартай нүүрсийг шатаасныг тооцсон бол 2014 онд нүүрсний хэрэглээ нь хамгийн оргил үедээ тулсан байх магадлал өндөр байна гэж нийтлэлд бичжээ.

Гэсэн хэдий ч 2013, 2014 оны аль нь ч нүүрсний хэрэглээний оргил үе байх нь хамаагүй харин нь хандлага ямар байх вэ гэдэг нь гол асуудал юм гэдгийг нийтлэлийг бичсэн хүмүүс онцолжээ.

“Ирэх хэдэн арван жилийн хугацаад эрчим хүчний гол эх үүсвэр нь нүүрс хэвээр байна. Энэ үед Хятадын нүүрсний хэрэглээ бидний таамаглаж байснаас нэлээд эрт хугарлын цэгтээ хүрч, үүнээс хойш буурсаар байна” гэж тэд хэллээ.

Энэ хандлагад хоёр хүчин зүйл бий. Эхнийх нь эдийн засгийн өсөлтийн удаашрал, ялангуяа барилга болон үйлдвэрлэлийн салбарууд зогсонги байдалд орсон явдал. Хоёр дахь нь агаарын бохирдол, цэвэр эрчим хүчтэй холбоотой бодлого чангарч байгаатай холбоотой юм.

Ирээдүйд Хятадын эдийн засгийн өсөлт дахин сэргээд эхэлсэн ч нүүрсний хэрэглээ далайцтай сэргэх магадлал бага гэдгийг нийтлэлийг бичсэн эрдэмтдийн нэг, Бээжин хот дахь Олон нийтийн бодлого хариуцсан “Brookings-Tsinghua” төвийн захирал Ци И хэлэв.

Тиймээс Хятадад нүүрсний бус эрчим хүчний хэрэглээ хурдтай нэмэгдэж, ийм төрлийн эрчим хүчийг олборлох зардал буурч, улмаар түүний хэрэглээ нь нүүрснээс гарган авдаг эрчим хүчний хэрэглээг орлох болно гэж тэрбээр ярьжээ. Гэхдээ ирээдүйд нүүрсний хэрэглээнд зарим өөрчлөлт хэлбэлзэл гарч болзошгүйг мөн онцолсон байна.

Хятадад нүүрсний хэрэглээ буурсан нь нүүрс эрчим хүчний гол эх үүсвэр байхаа болино гэсэн үг биш юм. Энэ нь БНХАУ-ын эдийн засгийн өсөлт сэргэж, ард иргэдийнхээ амьдралын түвшинг сайжруулах хөгжлийн шинэ шатанд орж байгааг илтгэх юм гэж нийтлэлд бичжээ. 

Хятадын энэ туршлага дэлхийн бусад орнуудад хэрэгтэй гэдгийг мөн онцолсон байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ