Таван сумын 29 байршилд газар эзэмшүүлэх дуудлага худалдаа зарлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-03-10 17:25:23

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт 2022 оны дөрөв, тавдугаар сард цахимаар зохион байгуулах газар эзэмшүүлэх эрхийн дуудлага худалдааны мэдээллийг аймгийн ГХБХБГ-аас мэдээлэв.

Тухайлбал, Завханмандал сумын Засаг даргын 2022 оны 2-р сарын 2-ны өдрийн А/07 тоот захирамжаар тус сумын нутаг дэвсгэрт долоон байршилд, Тэлмэн сумын Засаг даргын А/24 тоот захирамжаар тус сумын нутаг дэвсгэрт 16 байршилд тус тус газрыг дуудлага худалдаагаар худалдаж эзэмшүүлнэ. Мөн Ургамал сумын Засаг даргын А/06 тоот захирамжаар тус сумын нутаг дэвсгэрт нэг байршилд, Идэр сумын Засаг даргын А/18 тоот захирамжаар тус сумын нутаг дэвсгэрт дөрвөн байршилд, Цагаанчулуут сумын Засаг даргын А/13 тоот захирамжаар тус сумын нутаг дэвсгэрт нэг байршилд тус тус дуудлага худалдаа зарлалаа. Амралтын өдрүүдээр цахим бүртгэл хийхгүй, тиймээс ажлын таван өдөрт шаардлагатай материалыг бүрдүүлж цахимд бүртгүүлнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг 7046-2620,  88947474 утсаар даваагаас баасан гарагт 09.00-18.00 цаг хүртэл авна.

Монгол Улсын иргэн бүр газрын биржийн цахим систем (www.mle.mn)-д “хэрэглэгч”-ээр бүртгүүлэн аймаг, нийслэлийн газрын албанаас зарласан газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаанд оролцох хүсэлт илгээж оролцох боломжтой юм.

Цахим дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг дуудлага худалдаа явуулахаас ажлын тав хоногийн өмнөөс эхлүүлж, дуудлага худалдаа зохион байгуулах өдрийн өмнөх ажлын өдрийн 15 цаг 00 минутад хааж, баталгаажуулдаг. Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг дуудлага худалдааны хураамж болон дэнчин тушаасан баримтаа зургаар хавсарган өөрийн “Дэнчин буцаах дансны дугаар”-аа оруулж оролцох хүсэлтээ илгээнэ.

Системээс таны илгээсэн хүсэлтийг шалгасны дараа таны хүсэлтийг баталгаажуулах эсвэл татгалзах хариу өгөх бөгөөд танд мессежээр болон мэйлээр мэдэгдэнэ. Цахим дуудлага худалдааны үнийн саналыг 9 цаг 00 минутаас эхлүүлж 15 цаг 00 минут хүртэл авах бөгөөд түүнээс хойш хүлээлтийн горимд шилжинэ. Хүлээлтийн горим нь оролцогч үнийн санал өгснөөс хойш 60 секунд хүлээх бөгөөд өөр оролцогч үнийн санал өгөөгүй бол дуудлага худалдааг дуусгавар болгож ялагч тодорно.

Хэрэв хүлээлтийн хугацаанд багтаан өөр оролцогч үнийн санал өгвөл үнийн санал өгснөөс хойш дахин хүлээлтийн 60 секундийг тоолдог. Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын дагуу ялагч болсон хэрэглэгч долоо хоногийн дотор дуудлага худалдааг зохион байгуулсан эрх бүхий этгээдтэй гэрээ байгуулна. Гэрээ байгуулсан өдрөөс 14 хоногийн дотор дуудлага худалдааны үнийг бүрэн төлснөөр эрх шилжинэ гэж нэмж мэдээллээ.


Холбоотой мэдээ