Төрийн албан хаагчид цаг үргэлж өөрсдийгөө хөгжүүлж байх шаардлагатай

ОРОН НУТАГТ | УВС
batkhuu@montsame.mn
2022-03-11 21:45:21

Аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн О.Саруултай гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах болон академик түвшний англи хэлний шалгалтууд, тэдгээрт хэрхэн бэлтгэх талаар ярилцлаа.


-Гадаадын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгөөч?

-Аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсээс энэ 3-р сард иргэд олон нийт рүү чиглэсэн ажлуудыг зохион байгуулж эхлээд байна. Энэ хүрээнд би гадаад улсуудын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүд, мөн TOEFL, IELTS, PTE гэх мэт академик түвшний англи хэлний шалгалтад хэрхэн бэлдэх талаар иргэд олон нийт, төрийн албан хаагч, ерөнхий боловсролын  дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад мэдээлэл өгөх ажлыг зохион байгууллаа. Аймгийн төв номын сан дахь Америкийн соёл мэдээллийн төвд хийсэн энэхүү уулзалтад төрийн албан хаагчид, ахлах ангийн сурагчид өргөнөөр хамрагдлаа.

 Энэ уулзалтаар ОХУ, АНУ, Их Британи, Турк, БНСУ,  Япон, Энэтхэг, Австрали, Сингапур гэх мэт 10-аад орны Засгийн газраас зарладаг тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгсөн. Хэдийгээр эдгээр хөтөлбөрүүдийг Монгол улс даяар нээлттэй зарладаг ч тэр бүр хүмүүс мэдээлэл олж авч чадахгүй, анзаарахгүй өнгөрчих тал байдаг. Иймээс энэхүү уулзалт ярилцлагыг олон нийтэд хүргэхийг зорьсон. Мөн дунд сургуулийн сурагчдад зориулсан солилцооны болон бакалаврын түвшний тэтгэлгүүдээс гадна төрийн албан хаагчдад зориулсан богино хугацаанд мэргэжил дээшлүүлэх курсуудын талаар, мөн магистрын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгсөн. Манай төрийн албан хаагчид орон цай, цаг хугацаанаас үл хамааран өөрийгөө цаг үргэлж хөгжүүлж байх шаардлагатай. Төрийн албаны шинэ хуулиар ч гэсэн тийм шаардлага хэрэгцээ гарч ирж байгаа. Гадаадад суралцахын тулд хэлний мэдлэгээ академик түвшинд сайжруулсан байхыг шаарддаг учраас TOEFL, IELTS болон Pearson PTE шалгалтуудын талаар мэдээлэл өгч бүтэц, зохион байгуулалт, чадвар тус бүрээр ямар байдлаар шалгалт авдаг, эдгээр шалгалтуудад хэрхэн бэлтгэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.

-Эдгээр мэдээллүүдийг хаанаас авах ёстой бэ?

-Монгол Улсын Засгийн газар дипломат харилцаатай гадаад орны засгийн газруудтай байгуулсан хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд жил бүр төрөл бүрийн салбар чиглэлээр тодорхой тооны хүмүүст тэтгэлэг олгодог. Тэтгэлгийн хугацаа, шалгуур үзүүлэлт, ямар хүн өргөдөл гаргах боломжтой талаар, мөн тэтгэлгийн хүрээнд ямар зардлуудыг хамруулсан байдаг талаар тодорхой заасан байдаг. Монгол улсад төрийн албан хаагчид, хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр маш таатай нөхцөлүүдтэй тэтгэлэгт хөтөлбөрүүд жил бүр зарлагддаг. Эдгээр тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдан суралцаад үнэ төлбөргүйгээр өөрсдийнхөө мэдлэг мэргэжлийг дээшлүүлж, гадаад орны түүх, соёлоос суралцаж, холбоо харилцаагаа сайжруулахаас гадна төгсөж ирээд өөрийн суралцсан чиглэлээр Монгол улсын хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах хүндтэй үүргийг хүлээдэг. Богино хугацааны курсууд ихэнхдээ 3 сар хүртэлх хугацаатай зарлагддаг.  Эдгээр мэдээллүүдийг тухайн элчин сайдын яамны сайтаас болон хөтөлбөрийн газрын цахим болон пэйж хуудсаас авах боломжтой.

-Манай аймгийн иргэд хэр хамрагддаг бэ?

-Австралийн Засгийн газрын магистрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан хүмүүс олон байгаа. Мөн төрийн албан хаагчдаас Америкийн Элчин Сайдын яамнаас зарладаг дунд сургуулийн сурагчдын FLEX солилцооны хөтөлбөр, ТEA, LEAD Mongolia тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан хүмүүс, англи хэлний багш нар байгаа. Миний хувьд Австралийн Монгол дахь хөтөлбөрийн газраас зарласан “Гүйцэтгэх түвшний эмэгтэйчүүдийн манлайллыг хөгжүүлэх” хөтөлбөрт өнгөрсөн жил Монголын 25 эмэгтэйн хамт хөдөө орон нутгаас ганцаараа хамрагдсан. Тэтгэлэгт хамрагдсан хүмүүс суралцсан чиглэлээрээ салбар салбартаа бусдад нөлөөлөх, хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлээд амжилттай ажиллаж байгаа.  Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газраас одоогоор “Дижитал эрин үеийн засаглал” хэмээх Австралид очиж суралцах богино хугацааны хөтөлбөр зарлагдсан байгаа. Төрийн албан хаагчид энэхүү хөтөлбөрт өргөдөл гаргаж мэдлэг мэргэжлээ дээшлүүлээрэй гэж уриалах байна.

-Та тэтгэлэгт хөтөлбөрийн талаар  дахин сургалт, мэдээлэл явуулах боломжтой юу?

-Ихэнх тэтгэлэгт хөтөлбөрүүдийг тухайн ЭСЯ ба хөтөлбөрийн газраас зарладаг тул орон нутагт сургалт хийх боломжгүй. Гэхдээ өөрийн мэдэх хэмжээндээ сонирхсон хүмүүст зөвлөгөө, зөвлөмж өгч болно. Надтай утсаар холбогдоод, уулзаад заавар, зөвлөгөө авах бол нээлттэй. Та бүхэнд туслахад хэзээд бэлэн байх болно.

-Танд баярлалаа.

 

Холбоотой мэдээ