Ш.Ширнэн: Хүүхэд бүрийг монгол бичигт дуртай болгох нь миний эрхэм зорилго

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2022-03-15 13:46:58

Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын Улсын тэргүүний Ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуулийн Монгол хэл, бичгийн багш Ш.Ширнэнтэй монгол бичгийн талаар ярилцлаа.


-Өөрийгөө манай уншигчдад танилцуулаач?

- Намайг Шагжийн Ширнэн гэдэг. Би 10-р анги хүртлээ Увс аймгийн Тэс сумын Ахлах сургуульд суралцсан. Харин 11-12 дугаар ангиа Улаангом сумын Улсын тэргүүний Ерөнхий боловсролын лаборатори 1-р сургуульд суралцаж төгссөн. 2017 онд МУИС-д элсэн Монгол хэл, бичгийн багш мэргэжлээр суралцаж, 2021 оны хавар төгсөөд, төрөлх сургуульдаа анхны жилдээ ажиллаж байгаа залуу багш.

-Яагаад монгол, хэл бичгийн багш мэргэжлийг сонгох болов?

-Би багаасаа олон төрлийн зүйлд өөрийгөө сорьдог хүүхэд байсан. Дуулдаг, бүжиглэдэг, шүлэг зохиодог, хөгжим тоглодог гээд урлагийн авьяастай байсан. Дуучин болно ч гэж боддог байлаа. Дунд ангидаа ороод англи, орос хэлний хичээлдээ их сонирхолтой болсон. Ангийн багш маань Орос, англи хэлний Оюунцэцэг гэж багш байсан. Тэгээд л шууд олон улсын харилцааны мэргэжилтэн, эсвэл аялал жуулчлалын чиглэлээр сурна гэж бодох болсон. Өөрөө аялах дуртай болоод ч тэр юмуу их л сонирхож байсан. Харин ахлах ангид ороод дахиад л бодол өөрчлөгдсөн. Нийгэм хэт гадны соёлд автаад байгаа юм шиг санагдсан болохоор монгол соёлоо залуучууд бид авч үлдэх ёстой юм байна гэх бодол толгойд эргэлдэж эхэлсэн. Ингээд л Нарангэрэл багш дээрээ монгол хэл, бичгийн олимпиадад бэлдээд монгол бичигтээ илүү дуртай болж, Монгол хэл, бичгийн багш гэх мэргэжлийг сонгосон.

-Өнгөрсөн хугацаанд ямар амжилтууд гаргасан бэ?

-Монгол бичгийн улсын олимпиадын 4 насны ангилалд буюу Сурагч, мэргэжлийн бус оюутан, мэргэжлийн оюутан, насанд хүрэгчдэд тэргүүн байр эзэлж байсан. МУИС, МУБИС, ХИДС-иас зохион байгуулдаг олимпиад, уралдаанд оюутан байхдаа тогтмол амжилттай оролцдог байсан. Мөн сум болон аймгийн шилдэг оюутан болж байсан төдийгүй, МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг гэх хоёр том тэтгэлгийг хүртэж байсан.

-Монгол бичгийг бийрээр бичихэд юун дээр анхаарах ёстой вэ?

-Оюутан байхдаа МУИС-ийн “Хос Уянга” нэгдлийн сургалтад сууж бийрээр бичиж сурсан. Би тийм ч сайн бичдэггүй л дээ. Гэхдээ өөрөө одоо ч гэсэн хичээнгүйлэн суралцаж байгаа хүний хувьд олон дахин давтан бичиж, дасгал хийх нь хамгийн чухал бөгөөд өөрийн хичээл зүтгэл л их нөлөөлнө гэж хэлмээр байна.

-Бийрэн бичгийг хүүхдүүд хэр сонирхож байна?

-Би саяхан сургуульдаа “Шидэт бийр”-ийн клуб нээсэн. Хүүхдүүд маш их сонирхож байгаа. Одоогоор 67 хүүхэд бүртгүүлсэн. Энэ 7 хоногт хичээллэж эхэлнэ. Бүх хэрэгслээ хотоос захиж авдаг болохоор эхлэх гэсээр байтал жаахан удчихлаа. Хүүхдүүд бүр багшаа хэзээ эхлэх вэ? гээд асуугаад суулгахгүй байгаа шүү.

-Насанд хүрэгчдэд зориулсан сургалт явуулах боломж байдаг уу?

-Хичээлийн бус цагаар, амралтын өдрөөр явуулах боломжтой.

-“Хүмүүн бичиг” сониноос жил бүр зохион явуулдаг “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанд амжилттай оролцсон энэ талаараа?

-МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сониноос жил бүр зохион явуулдаг “Монголын сайхан бичигтэн” уралдаан бол маш өргөн цар хүрээтэй, 8 настай балчраас 80 настай буурал хүртэл оролцдог, монгол бичгийн улсын хамгийн том тэмцээн гэж хэлж болно. Ажил, хичээлийн хажуугаар тэмцээнд бэлдэнэ гэдэг амаргүй даваа байдаг. Өөрийгөө бэлдээд зогсохгүй 12 дугаар ангийн 2 шавиа бэлтгэж оруулснаас сурагч Цэнгэл маань “Шилдэг 6” оролцогчийн нэг болж чамлахааргүй том амжилт гаргасан. Харин анхны жилдээ ажиллаж байгаа залуу багш миний хувьд “Мэргэжлийн багш нарын ангилалд” тусгай байр эзэлнэ гэдэг нэр төрийн хэрэг байсан. Мөн шагнал гардуулах үйл ажиллагаанд оролцон, бүтээлийн үзэсгэлэнтэй танилцаж, монгол бичиг ямар гайхамшигтай юм бэ?, хүмүүс, хүүхдүүд яаж ингэж сэтгэж бүтээл хийж чаддаг юм гэдгийг өөрийн нүдээр хараад ирсэндээ маш их баярлаж, дараа дахин оролцох урам зориг дүүрэн ирсэн. Хамгийн холоос ирсэн оролцогч би байсан. Энэхүү боломжийг олгосон Г.Цэрэндулам захиралдаа баярласнаа илэрхийлмээр байна.

-Монгол бичгийн юунд нь дурласан бэ?

-“Юм бүхэн учиртай. Учир бүхэн гичиртэй” гэж Бавуугийн Лхагвасүрэн гуайн хэлсэн үгийг тод санаж байна. Би юмны цаад учрыг нь нягталж үзэх дуртай. Тийм болоод ч тэр үү 12 дугаар ангийн сурагч байхдаа монгол бичгийн толь бичгийг эхнээс нь бүгдийг нь бичээд, дараа нь язгуур үндсээр нь ангилаад, үйл үгийн төгсгөлөөр нь ангилаад, алдаатай үгсийг нь хүртэл түүж бичиж байсан. Зарим номыг унших тусам дуусгамааргүй санагддаг шиг, монгол бичгийг бичих бүрд, судлах бүрд мэдэхгүй зүйлс их гарч ирдэг учир бүр цааш нь зүй тогтлыг нь ажиглах дуртай. Тэр чигтээ монгол сэтгэлгээ, монгол ахуй харагддаг гайхалтай бичиг шүү дээ.

-Миний асууж амжаагүй таны хэлэхийг хүссэн зүйл юу байна?

-Хүүхэд бүрийг монгол бичигтээ дуртай болгох нь миний эрхэм зорилго болоод байгаа. Тиймээс ямар ч мэргэжлээр сурсан, ямар ч хүн болсон бай ядаж л монгол бичгээрээ уншдаг байгаарай гэж захимаар байна.

-Танд баярлалаа.

 

Холбоотой мэдээ