Д.Баярхүү: Монголоос Казахстанд мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх эрх зүйн үндэс бүрдсэн
МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОДРУУЛГАУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс (БНКУ) дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байна. Уг ойг тохиолдуулан Монгол Улсаас БНКУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүүгээс хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар тодрууллаа.
-Та Элчин сайдаар томилогдоод удаагүй байхад хоёр орны дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. Хоёр орны харилцааны түүхээс хуваалцвал?
-Нэн тэргүүнд МОНЦАМЭ агентлагийн уншигч Та бүхэнтэй учран золгож, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаарх мэдээллийг хуваалцаж байгаадаа баяртай байна. Миний Казахстан улсад Элчин сайдаар томилогдоод 4 сар гаруй болж байна. Энэ оны 2 дугаар сарын 21-нд тус улсын Ерөнхийлөгч К.Токаевт Итгэмжлэх жуух бичгээ барьсан. Казахстан Улс нь Монгол Улсын гадаад бодлогод томоохон байр суурь эзэлдэг бөгөөд Төв Азийн бүс нутаг дахь чухал түнш орон юм. Манай хоёр ард түмэн түүх, соёлын гүнзгий хэлхээ холбоотой, нийтлэг өв уламжлалтай улс бөгөөд ЗХУ-ын үед ч найрсаг, дотно харилцаатай байсан. Улмаар ЗХУ задарч, Казахстан Улс тусгаар тогтносны дараахан буюу 1992 оны 1 дүгээр сарын 22-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ онд 30 жилийн ой тохиож байна. Монгол Улс 1992 онд Алматы хотноо ЭСЯ-аа нээж, 2010 онд Нур-Султан хотод шилжүүлсэн. Харин Казахстан Улс 1997 онд Улаанбаатар хотод ЭСЯ-аа нээсэн.
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2019 онд Ерөнхий сайд байхдаа Казахстан улсад айлчилж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах олон баримт бичиг байгуулсан. Эдгээр баримт бичгийг хэрэгжүүлэх ажил аль шатандаа явна вэ?
-Сүүлийн жилүүдэд хоёр орны улс төрийн харилцаа өндөр, дээд хэмжээнд эрчимжиж байна. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 2019 онд хийсэн айлчлал Монгол, Казахстаны харилцааг шинэ шатанд гаргасан гэж хоёр тал дүгнэдэг. Энэ айлчлалын үеэр хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Казахстан Улсад мах, махан бүтээгдэхүүн, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн нийлүүлэх хэмжээг нэмэх, Монгол Улсын баруун бүс нутагт бог малын эрчимжсэн аж ахуйг хамтарсан болон шууд хөрөнгө оруулалттай байгуулах асуудлыг хэлэлцсэн. Улмаар “Мал эмнэлэг, хорио цээрийн салбарт болон Ургамал, газар тариалангийн хүрээлэн хооронд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын Санамж бичиг” байгуулсан. Энэ нь манай мах, махан бүтээгдэхүүнийг тус улсад гаргах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн гэж үзэж болно.
Мөн дээрх айлчлалын хүрээнд Улаанбаатар, Нур-Султан хотын хооронд Ах дүү хотын харилцаа тогтоосны зэрэгцээ “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-т нэмэлт өөрчлөлт оруулж, “Боловсролын баримт бичиг, эрдмийн зэрэг цол харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээр” байгуулж, улмаар Казахстан Улсын Засгийн газраас олгож буй тэтгэлгийн тоог 25 хүргэхээр тохирсон. Одоогийн байдлаар манай 1045 иргэн Казахстан Улсад бакалавр, магистрантур, докторантурт суралцаж байгаагаас тус улсын Засгийн газрын тэтгэлэг авсан 14 хүн байна. Цаашид бид Казахстаны талаас олгож буй тэтгэлгийг аль болохоор бүрэн дүүрэн ашиглахыг зорьж, тодорхой ажлыг төлөвлөөд байна.
Энэхүү айлчлалын үеэр зохион байгуулсан Монгол, Казахстаны бизнес форумд манай талаас 31 аж ахуйн нэгж, Казахстаны талаас 160 орчим бизнесийн төлөөлөл оролцсон бөгөөд энэ үеэр аж ахуйн нэгж хоорондын 40 сая орчим ам.долларын нийт 8 баримт бичиг байгуулсан.
Ер нь хоёр орны хооронд худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн бололцоо, аж ахуйн нэгжүүдэд бизнесийн боломж, хамтран ажиллах бодит сонирхол байгаа гэдэг нь энэ үеэр нэлээн тодорхой болсон гэдгийг тэмдэглэх нь зүйтэй байх.
Ерөнхий сайдын айлчлалын дараа хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, ялангуяа худалдаа, эдийн засгийн харилцаа нэлээд эрчимжиж, худалдааны эргэлт нэмэгдэх хандлагатай байсан боловч дэлхийн нийтийг хамарсан цар тахлын улмаас нэлээд буурсан үзүүлэлттэй байгаа.
-Дипломат харилцаа тогтоосноос хойш анх удаа Монгол Улсын Гадаад харилцааны сайд Казахстанд айлчилсан. Энэ үеэр тохирсон ажлуудаас хоёр орны хооронд шууд нислэг үйлдэх ажил эхэлсэн ч түр зогсоод байгаа. Нислэгийг хэзээ сэргээх вэ?
-Өнгөрсөн оны 10 дугаар сарын 10-14-нд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Казахстан Улсад албан ёсоор айлчилж, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын (АХАИББХ) Гадаад хэргийн сайд нарын 6 дугаар уулзалтад оролцсон. Энэхүү айлчлал нь 1992 онд манай улс Казахстан Улстай дипломат харилцаа тогтоосноос хойш Монголын талаас Гадаад харилцааны сайдын түвшинд хэрэгжүүлсэн анхны албан ёсны айлчлал болсноороо онцлог байлаа. Айлчлалын үеэр Монгол Улсын Гадаад харилцааны яам, Казахстаны Гадаад хэргийн яамны 2021-2024 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны төлөвлөгөө, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Казахстаны Худалдаа, интеграцчлалын яам хоорондын санамж бичгийг байгуулсан. Эдгээрээс гадна манай улсын “Хүннү Эйр”, Казахстаны “СКАТ” компани хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулсан нь хоёр орны хоорондын агаарын тээврийн харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон. Ер нь аливаа хоёр улсын харилцаанд шууд нислэг байгаа эсэх нь чухал үүрэгтэй байдаг. Шууд нислэг нь харилцан зорчих урсгалыг нэмэгдүүлдэг. Тэр хэрээр хоёр орны иргэд, жуулчдын тоо нэмэгдэж, бизнес эрхлэгчдэд ч гэсэн шинэ боломжуудыг нээж өгдгийг та бид бүхэн сайн мэдэж байгаа байх. Хоёр орны нийслэл Улаанбаатар-Нур-Султаны чиглэлд 2019 оны 6 дугаар сараас эхлэн шууд нислэг үйлдэж эхэлсэн боловч дэлхийн нийтийг хамарсан цар тахлын улмаас зогссон.
Харин энэ оны 3 дугаар сарын сүүлээс эхлэн Монголын “Хүннү Эйр” компанийн Улаанбаатар-Алматы, Улаанбаатар-Нур-Султан чиглэлд хийх шууд нислэгийг сэргээхээр ажиллаж байгааг энэ ташрамд дурдахад таатай байна.
Мөн дээрх айлчлалын үеэр хоёр тал худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд Монгол Улсаас Казахстан Улсад болон эл бүс нутгийн улс орнуудад мах, махан бүтээгдэхүүн зэрэг экспортын бараа бүтээгдэхүүн нийлүүлэх ажлыг бодитойгоор нэмэх, ганд тэсвэртэй үр тарианы сортуудыг нутагшуулах, судлах, мал эмнэлэг, хорио цээрийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, далайд гарцгүй орнуудын хувьд Ази, Европ хоёр тивийг холбосон газар зүйн байршлыг ашиглан дамжин өнгөрөх тээврийн үр ашгийг хүртэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар ярилцсан.
-Хоёр орны эдийн засгийн харилцаа хангалтгүй байгаа гэдэгтээ та санал нийлэх үү. Худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх ямар бодлого баримталж байна вэ?
-Ноднин хоёр орны худалдааны эргэлт 21.06 сая ам.доллар байна. Үүнээс Монгол Улс 2.1 сая ам. долларын хүнсний бүтээгдэхүүн, адууны мах, хивс хивсэнцэр экспортолж, 18.92 сая ам.долларын гурил, гурилан бүтээгдэхүүн, цагаан будаа, янжуур тамхи импортолсон байна. Цаашид хоёр орны худалдааны эргэлтийг сайжруулах, Монгол Улсын экспортын барааны нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэх боломж байгаа бөгөөд Элчин сайдаар ажиллах хугацаандаа энэ асуудалд анхаарал тавин ажиллах болно.
-Хоёр орны харилцааны нэг гол хэмжүүр нь ард түмний харилцан ойлголцол гэж хэлж болно. Ард түмний ойлголцлыг бэхжүүлэхэд хоёр тал юунд анхаарах шаардлагатай гэж та үзэж байна вэ?
-Хоёр орны улс төр, эдийн засгийн харилцаа хамтын ажиллагаанаас гадна соёл, хүмүүнлэгийн салбарын харилцааг өргөжүүлэх нь Элчин сайд миний чухал зорилтын нэг юм. Ярилцлагынхаа эхэнд товч дурдсанчлан, манай хоёр ард түмэн нь түүх, соёлын эртний түүхэн хэлхээ холбоотой, эсгий туургатан, нүүдэлчин өв уламжлалтай орон билээ. Монгол Улсад байдаг үндэстэн, ястнуудын дунд хамгийн олон нь казах үндэстэн бөгөөд Баян-Өлгий аймагт төвлөрөн амьдардгийг та бүхэн сайн мэднэ.
Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев Итгэмжлэх жуух бичгийг маань хүлээн авах үеэр Монгол Улсад амьдарч байгаа казах үндэстэн хоёр орны харилцааны “Алтан гүүр” хэмээн онцлон хэлж байсныг дурдах нь зүйтэй байх.
Үнэхээр манай улсад амьдардаг казах үндэстэн, түүнчлэн Монгол Улсаас ирээд Казахстан Улсын иргэн болсон казах иргэд хоёр орны харилцаанд томоохон байр суурь эзэлдэг. Ер нь, Монгол Улсаас Казахстан Улсад шилжин ирээд тус улсын нийгмийн бүх салбарт амжилттай ажиллаж байгаагийн зэрэгцээ иргэдийн харилцан ойлголцлыг өргөжүүлэх, хоёр орны хамтын ажиллагаанд тодорхой хувь нэмэр оруулж, гүүр болон ажиллаж байгаа олон хүн бий.
Тухайлбал, Казахстан Улсад Монгол Улсын Соёлын элчээр ажилладаг Олон улсын Түрэг судлалын академийн ахлах судлаач Т.Акидель тус улсад монгол судлалыг хөгжүүлэх, хоёр орны Шинжлэх ухааны академи, Үндэсний музей, Түүх, археологийн хүрээлэн зэрэг байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрдэм шинжилгээний хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх зэргээр түүх, соёлын чиглэл дэх харилцааг гүнзгийрүүлэхэд чухал хувь нэмэр оруулан ажиллаж байна. Мөн Монгол Улсын Соёлын элч бөгөөд Казахстан Улсын Үндэсний Олимпын хорооны, Спортын газрын дэд захирал, Казахстаны гавьяат дасгалжуулагч Х.Болат нь манай төрөл бүрийн спортын баг тамирчдыг тус улсад болдог уралдаан тэмцээнд оролцуулах, бэлтгэлийг нь хангах, хамтарсан бэлтгэл сургалт хийхэд дэмжлэг үзүүлэх зэргээр хоёр орны биеийн тамир спортын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ихээхэн хүчин чармайлт тавьж ажилладаг.
Сүүлийн жилүүдэд монгол, казахын ард түмний өв соёлыг судлах чиглэлээр хоёр орны түүхч, археологичдын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байна. Монголын төр засаг энэхүү амжилттай хэрэгжиж байгаа үр дүнтэй хамтын ажиллагааг үнэлж, Олон улсын Түрэг академийн Ерөнхийлөгч Дархан Кыдыралыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд “Алтан гадас” одонгоор шагнасныг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг айлчлалынхаа үеэр гардуулсан. Ярилцлагынхаа төгсгөлд Казахстан улс нь газар зүйн байршлын хувьд ч, түүхэн уламжлалын талаас ч гэсэн бидэнтэй хамгийн ойрын гуравдагч хөрш гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Цаашид Казахстан улс нь улс төр, эдийн засгийн хувьд ч гэсэн манай улсын чухал гуравдагч хөрш байхын төлөө хүчин чармайлт тавьж ажиллах нь миний Элчин сайдаар ажиллах хугацааны гол зорилт байх болно гэдгийг хэлмээр байна.