Ази тивд байгаа хамгийн өндөр зэсэн хөшөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-03-20 20:58:07

Дорнод /МОНЦАМЭ/. Халхын голын дайны дурсгалд зориулсан олон арван хөшөө байдгийн хамгийн том нь Дорнод аймгийн Сүмбэр сумын төвийн баруун талд далайн түвшнээс дээш 800 м өндөрт өргөгдсөн Хамар даваан дээр орших Ялалтын хөшөө юм.

Уг хөшөөг 1939 оны Халхын голын тулалдаанд японы түрэмгийлэгчдийг бут цохисон Зөвлөлт-Монголын цэргийн ялалтад зориулан 1984 онд Халхын голын дайны ялалтын 45 жилийн ойгоор бүтээжээ.

Хөшөөний ерөнхий загвар нь ган болд илд бөгөөд Халх гол руу харсан хэсэгт Зөвлөлт-Монголын дайчин армийн нисэх хүчин, танк, их бууны, морин цэргийн бүх анги нэгтгэлүүдийн давшиж буй байдлыг харуулсан бол эсрэг талд нь 6 м орчим өндөр тавцан дээр зогсоо байдалтай алд цэнхэр хадаг, хатан сүйхийн хамт дэлгэн барьсан монгол бүсгүйг дүрсэлсэн байдаг.

Хөшөөний нийт өндөр нь 55 метр бөгөөд 110 тн зэсээр бүтжээ. Ялалтын хөшөөний төслийг уран барималч Д.Амгалан, А.Н.Бурганов, архитекторч Д.Чойжилжав, Л.В.Мисожников нарын бүрэлдэхүүнтэй хоёр орны хамтарсан уран бүтээлчид зохиосон түүхтэй. Энэхүү хөшөө нь одоогийн байдлаар Ази тивд зэсээр бүтээгдсэн хамгийн өндөр хөшөө гэж тооцогддог.



 


Холбоотой мэдээ