“Suzuki” Энэтхэгт цахилгаан автомашин үйлдвэрлэхэд хөрөнгө оруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-03-21 13:27:29

ТОКИО. /Kyodo/. Японы автомашин үйлдвэрлэгч “Suzuki Motor” компани Энэтхэгт цахилгаан тээврийн хэрэгсэл, цэнэг хураагуур үйлдвэрлэхэд 150 тэрбум иен /1.26 тэрбум ам.доллар/ хөрөнгө оруулна гэдгээ ням гарагт мэдээлжээ.


Энэхүү гэрээ нь Японы Ерөнхий сайд Кишида Фүмио Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой уулзах үеэрээ танилцуулсан таван жилийн хугацаатай хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний нэгээхэн хэсэг ажээ.


Ийнхүү Энэтхэгийн зах зээлд хэдийнээ байр сууриа эзэлсэн Японы автомашин үйлдвэрлэгч Гужарат мужтай цахилгаан тээврийн хэрэгсэл, цэнэг хураагуур үйлдвэрлэх тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ. Гарын үсэг зурах ёслол Шинэ Дели хотноо болсон Энэтхэг-Японы эдийн засгийн форумын үеэр болж, хоёр орны Ерөнхий сайд нар байлцжээ.


Suzuki” суудлын автомашинуудын нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг тэглэх зорилт дэвшүүлээд байна гэж “Suzuki Motor” компанийн тэргүүн Сүзүки Тошихиро форумын үеэр онцлон тэмдэглэжээ. Компанийн мэдээлснээр, цэнэг хураагуурын шинэ үйлдвэрийн үйл ажиллагааг 2026 онд эхлүүлэхээр төлөвлөж байна.


Suzuki” нь Энэтхэгийн хамгийн том автомашин үйлдвэрлэгч бөгөөд тус улсад борлуулагдаж буй шинэ тээврийн хэрэгслүүдийн бараг тэн хагасыг эзэлдэг байна. Японы автомашин үйлдвэрлэгчийн энэхүү алхам нь Энэтхэгийн Засгийн газраас хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлд гаргаж буй хүчин чармайлттай мөн нийцэж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ