Том малын зүй бус хорогдол өнгөрсөн оны мөн үеэс буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-03-22 16:59:57

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт гуравдугаар сарын 20-ны өдрийн байдлаар аймгийн дүнгээр 2.4 мянган том мал зүй бусаар хорогджээ.

Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 6.3 дахин буюу 12.6 мянган толгойгоор буурсан байна. Гэсэн хэдий ч сүүлийн хоёр сарын дундаж 10 хоногт цасан болон шороон шуургатай, өдөртөө дулаан шөнөдөө огцом хүйтэрсэн. Зарим нутагт бэлчээрийн усан хангамж муу байгаа нь том малын зүй бус хорогдолд нөлөөлж буй. Нийт хорогдолд хээлтэгчийн хорогдол 1.7 хувь, бог малын хорогдол 79.1 хувь, бод малын хорогдол 20.9 хувийг тус тус эзэлж байна. Нийт хорогдлын 3.5 хувийг өвчний хорогдол эзэлж буй. Өнгөрсөн онд аймгийн дүнгээр 49.0 мянган том мал зүй бусаар хорогдсон нь оны эхний малын 1.3 хувь, нийт хорогдолд 0.04 хувийг өвчний хорогдол, 83.7 хувийг бог малын хорогдол тус тус эзэлж байсан. Том малын зүй бусын хорогдол сүүлийн хоёр жил дараалан буурч байгаа нь сайшаалтай гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.


Гарсан төлийн бойжилт 99.5 хувьтай байна

Завхан аймгийн нийт мал сүргийн дотор тэмээ 0.2 хувь, адуу 6.7 хувь, үхэр 6.5 хувь, хонь 51.1 хувь, ямаа 35.4 хувийг эзэлж байна. 

Оны эхний нийт 1.5 сая гаруй хээлтэгчийн төллөвөл зохих 1.4 сая хээлтэгч байгаагаас өнөөдрийн байдлаар 28.2 мянган хээлтэгч төллөөд байна. Үүнээс 28 мянган төл бойжиж 182 төл хорогдоод байна. Өнгөрсөн намар нийт нутгаар цас эрт орж, ихэнх нутгаар цасан бүрхүүл тогтож эхэлснээс хойш өвлийн турш зузаан цастай байж нягтарч хатуурсан цас, жиндүү хүйтэн байсны улмаас зарим газар мал төллөлтөд хүндрэл учирч байгаа. Гэсэн хэдий ч нийт гарсан төлийн бойжилтын хувь 99.5 хувьтай байна гэж аймгийн ХХААГ-аас нэмж мэдээлэв. 

Ташрамд аймгийн дүнгээр 73 өрхийг 287.9 сая төгрөгийн 3871 толгой малаар малжуулсан байна. Малжуулах арга хэмжээнд зарцуулсан хөрөнгийн 50.8 хувийг орон нутгийн хөрөнгөөр, 49.2 хувь нь бусад эх үүсвэрээс санхүүжигдсэн байна. 

Холбоотой мэдээ