Алба, мэргэжлийн ангийн бэлэн байдлыг шалгалаа
ФОТО МЭДЭЭ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийн хүрээнд алба, мэргэжлийн ангийн бэлэн байдлыг шалгалаа.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор батлагдсан “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийн хүрээнд гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиудын “Бэлэн байдлын үзлэг”-ийг аймгийн Засаг даргын 2022 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу өнөөдөр зохион байгууллаа.
“Бэлэн байдлын үзлэг”-т тус аймгийн төрийн байгууллагын 420 алба хаагч хамрагдсан бөгөөд арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч дарга Г.Чинбат оролцож, үйл ажиллагаа, хувийн үүргэвч, бэлтгэл бэлэн байдалтай танилцжээ. Мөн “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” зохион байгуулж буйтай холбогдуулан “Хээрийн мал эмнэлэг”-ийг дэлгэж багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг шалгасан тухай Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.









