Ч.Дугаржав: Тэрбум модны 50-60 хувийг ууланд тарина

Монголын мэдээ | Ярилцлага
bolor@montsame.mn
2022-03-29 12:35:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн жилээс орон даяар өрнүүлсэн Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ШУА-ийн эрдэмтэн судлаачдаас бүрдсэн ажлын баг байгуулагдсан билээ. Тус багийн ахлагч, ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн гадаад академич Ч.Дугаржавтай ярилцлаа.


-Эрдэмтэн судлаачдын багийнхан ямар үүрэг чиглэлтэй ажиллаж байна, тус багт хэчнээн судлаач багтаж байгаа вэ?

-ШУА-ийн Тэргүүлэгчдийн газраас Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлсэн монгол оронд тэрбум мод тарих хөдөлгөөнийг дэмжин ШУА-ийн Тэргүүлэгчдийн газраас ажлын баг бүрдүүлсэн. Энэхүү багт хүрээлэн бүрээс 10 гаруй хүн байгаа. Ахлагчаар нь миний биеийг томилсон.

Мод тарих, ургуулах, хамгаалахад шинжлэх ухааны үндэслэлийг нь сайн тавьсан байх ёстой. Судалгаа шинжилгээний ажлын үндсэн дээр шинжлэх ухааны үндэстэй зөв эхлэх юм бол амжилтад хүрэх нь ойлгомжтой. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хүрээлэн бүрээс оруулах хувь нэмрээ зорилт болгон дэвшүүлж, хийх ажлын үндсэн чиглэлийг гаргаад байна. Мод тарих асуудал бол зөвхөн ШУА-ийн Ботаникийн хүрээлэн, Биологийн хүрээлэн, Газар зүй геоэкологийн хүрээлэн төдийгүй бусад хүрээлэн оролцох нь зөв юм гэдэг нь тодорхой болсон. Хүрээлэнгийн захирлууд, мэргэжилтнүүдтэй өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш төлөвлөгөө, бэлтгэл ажлыг хангах ажлын чиглэл гараад байна.


-Мэргэжилтний хувьд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн амжилттай хэрэгжих хүчин зүйлсийг та хэрхэн үзэж байгаа вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны 9 дүгээр сарын 22-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 67 дугаар чуулганд Монгол Улс тэрбум мод тарих хөдөлгөөнийг өрнүүлж буйгаа зарлан тунхагласан. Түүний дараа 11 дүгээр сард Европын Глазгоу хотод төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр Монгол Улсад Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэн, хөтөлбөр боловсруулж, тэрбум мод тарих нээлтийн ажиллагааг 10 дугаар сарын эхээр хийсэн. Ийнхүү ажил эхлээд байна гэдгээ дахин хэлж энэхүү хөтөлбөрийг олон улсад тунхаглаж баталгаажуулсан.

Тэрбум мод тарих үндэсний хөтөлбөрийг эрдэмтэн хүний хувьд  цаг үеэ олсон олон улсын болон үндэсний ач холбогдолтой гэж үнэлж байгаа. Дэлхий даяар дулаарч, цөлжилт үүсээд байна. Цөлжилттэй тэмцэх олон улсын конвенц гараад байна. Манай улс нэгдэн орж Засгийн газрын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Нөгөөтээгүүр, 2015 онд дэлхийд гарч буй хүлэмжийн хийг бууруулах Парисын хэлэлцээр уриалга гарсан. Манай орон 2016 онд Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хөтөлбөрт нэгдэн ойрын 10 жилд буюу 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг 33 хувиар бууруулах үүрэг амлалт авсан. Олон улсад өрнөсөн эдгээр санаачилга, конвенц, хөтөлбөрт хувь нэмэр оруулах ач холбогдолтой ажил болсон гэж үзэж байна.

Хоёрдугаарт, үндэсний хэмжээний ач холбогдолтой. Учир нь манай орон ой мод багатай.

Монгол орны ой 18.3 га сантай. Түүнээс ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ 8 орчим хувийг эзэлдэг. Үүнээс гадна монгол орны ойн талбайн сан багасаж доройтолд орж байна. Үүний голлон дэлхийн дулаарал, цөлжилт нөлөөлж буйг эрдэмтэн судлаачид  тогтоосон. Тухайлбал, сүүлийн 60 жилд монгол оронд агаарын дулаарал нэмэх 2 хэмээр нэмэгдсэн гэсэн тооцоо гарсан. Дэлхийн хэмжээнд 1.5 хэм байгаа. Тэгэхэд манай оронд 0.5 хэмээр ахиу байна.


Мөн хүний сөрөг нөлөөнөөс болж ойн нөөц хомсдож байна. Ойн нөөцийг хомсдолд  хүргэж буй гол гурван хүчин зүйл байгааг судлаачид тогтоосон. Нэгдүгээрт, ойн түймэр жил бүр гарч ойн нөөцийг хомсдуулж байна. Мөн БОАЖЯ-наас гаргасан мэдээгээр, манай оронд түймэрт өртсөн 680 мянга гаруй га газрыг нөхөн сэргээх шаардлагатай байна.

Хоёрдугаарт, ой модыг их хэмжээгээр огтлох, хууль бус үйл ажиллагаа ойн нөөцийг хомсдуулж байна.

Гуравдугаарт, хортон шавж  модыг устгаж байна. Эдгээр хүчин зүйлийг бууруулахын тулд төр засгаас олон чухал бодлогын баримт бичиг гаргасан. 2001-2004 он хүртэл Шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөр гарсан. Монгол Улсын Засгийн газрын 2020, 2050 гэсэн урт хугацааны бодлогын баримт бичиг гарлаа. Саяхан Засгийн газраас эдийн засгийг сэргээх шинэчлэлийн бодлого гаргалаа. Эдгээр бодлогыг хэрэгжүүлэхэд “Тэрбум мод” үндэсний хөтөлбөр нэн тэргүүнд үр дүнгээ өгөх чухал ач холбогдолтой.

Ой мод  судалдаг шинжлэх ухааны байгууллагын судлаачдын багийн ахлагчийн хувьд энэхүү үндэсний хөтөлбөр хэрэгжих үндэслэлтэй. Мөн тэрбум мод тарих ажлыг хүн бүрд сайн ойлгуулж, сурталчилж чадвал, монголчуудын хэлдгээр найман настай хүүхдээс наян настан хүртэл чадах чинээгээрээ оролцвол энэ ажил хэрэгжих бүрэн бололцоотой.


-Өвөг дээдэс маань өнө эртнээс байгаль дэлхий, ус мөрнөө ариун тунгалаг байлгах талаар хууль мөрдөж байсан уламжлалтай. Тэгвэл мод тарих, ой модоо хамгаалах тал дээр ямар бодлого хэрэгжүүлж байсан талаарх баримтаас сонирхуулна уу?

-Манай оронд уламжилж ирсэн хууль эрх зүйн үндэслэлтэй Их засаг хууль, Монголын нууц товчоо зэрэгт бичсэнээс үзэхэд 2000 жилийн тэртээгээс монголчууд байгаль дэлхийгээ хамгаалах, түүнийгээ шүтэн бишрэх уламжлалтай байсан. Монгол орноор аялж Бээжин хотод олон жил ажиллаж амьдарсан Марко Пологийн аяны тэмдэглэлд бичсэнээс үзэхэд, монгол оронд мод тарьж байсан юм билээ.


Хархорум хот, Торгоны зам, аялал жуулчлалын замын дагуу мод тарьж байсныг зуны халуунд модны сүүдэрт амарч суугаад явахад таатай байсан гэж тэмдэглэсэн байдаг.


XIX зууны үед сүм хийдийн ойр орчимд мод тарьж байсан тухай баримт бичгүүд бий. Мөн Хархорум хотод мод тарьж, ургуулж цэцэрлэгийн суурийг тавьсан тухай мэдээ байдаг. Хархорум хотод археологийн судалгаа явуулж тус хотыг сэргээж байгаа. Тухайн баримт бичгүүдээс үзэхэд модны олдвор гардаг. Түүнчлэн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт Егзөр хутагт хийддээ олон тооны мод ургамал тарьсан ул суурь, ором нь туурийнх нь дэргэд үлдсэн. Мөн буга нутагшуулж байсан гэсэн баримт бичиг бий. 1930-аад оноос сүм хийд нь ажиллахаа больсноос хойш бугыг ууланд нь тавьсан. Энэ бүгдээс үзэхэд манай оронд байгалиа хайрлан хамгаалах уламжлал их байсан. 

Түүнчлэн аман зохиол, тэмдэглэж үлдсэн зүйл, шүлэг, дуу хуур зэрэгт мод ургамлын талаар баримт их бий. Монголчууд хэдийгээр нүүдлийн мал аж ахуй эрхэлж байсан уламжилтай ард түмэн гэдгийг лавшруулан судлахаар Археологи, Түүх, Хэлний хүрээлэнгийнхэн ажиллаж байгаа юм билээ.  


-Социализмын үед мод тарих хөдөлгөөнд олон нийт идэвхтэй хамрагддаг байсан туршлага мөн бий. Тэрбум мод хөдөлгөөний хүрээнд мод тарих газруудыг хэрхэн тодорхойлж байгаа вэ?

-Манай оронд 1956 оноос хотыг ногооруулах, цэцэрлэг байгуулах төр засгийн бодлого гарч хэрэгжиж эхэлсэн. Түүний нэг жишээ нь, Засгийн газрын ордны хоёр талын цэцэрлэг, талбайн урд талын даага булигуулсан хөшөөтэй цэцэрлэг болон гудамж талбайд мод тарьж, Хүүхэд залуучуудын парк гээд томоохон бүтээн байгуулалт хийсэн. Аймаг бүр цэцэрлэгтэй болж эхэлсэн.

Монгол Улсад мод тарих ажил 1970 оноос эхэлсэн. Мод үржүүлгийн газар байгуулж мод огтолсон талбай, түймэрт өртсөн талбайд ойжуулалтын ажил төлөвлөгөөтэй эхэлсэн. Мод тарих мэргэжилтэн, мэргэжлийн байгууллагууд, сургалт, судалгааны байгууллагууд эрчимжсэн.

Тэрбум мод тарьж ургуулах үндэсний стратеги төлөвлөгөө боловсрууллаа. Үүнд, их дээд сургуулийн багш нар, эрдэм шинжилгээний байгууллагууд оролцсон. Мэргэжилтнүүдээс гадна орон нутгийн төр засгийн удирдлагууд, ойн анги, ойн нөхөрлөлүүдийн тусламжтай эрдэм шинжилгээний хурлыг гурван удаа зохион байгуулж хөтөлбөр боловсруулсан. Хөтөлбөрийг эцэслэн батлуулах шатанд ороод байна.


Мод тарих газрыг үндсэндээ тодорхойлсон. Нэгдүгээрт, түймэрт шатсан, хортон шавжид идэгдсэн, модыг нь огтолсон газрыг ойжуулна. Тэрбум модны 50-60 хувийг ууланд тарина.


Мөн хамгаалалтын ойн зурвасуудыг байгуулах, агро ой аж ахуйг хөгжүүлэхэд нэг хэсэг мод тарина. Тариалангийн талбайг хамгаалах ойн зурвасууд, авто болон төмөр замын дагуу хамгаалалтын зурвасууд байгуулна.

Мөн элсний нүүдлийг зогсоох, салхи, шороон шуургыг бууруулах хамгаалалтын зурвасууд тарина. Түүнчлэн агро ой аж ахуй гэж шинэ чиглэл дэлхий нийтэд гарч ирсэн. Энэ нь хөдөө аж ахуй, малын бэлчээр, доройтсон бэлчээр, элс салхинд нэрвэгдсэн бэлчээрийн талбайг хамгаалж мод тарина.  Агро ойд бэлчээрийн ургамал болон нутгийн иргэдэд хэрэгтэй жимс жимсгэний модыг хосолмол байдлаар тарина. Өөрөөр хэлбэл, мал аж ахуйг дэмжсэн, бэлчээрийг хамгаалах, цөлжсөн доройтсон бэлчээрийг сэргээх чиглэлээр мод тарихаар төлөвлөсөн.

Мөн манай улсад ил талбайд уул уурхайн ажил явуулж байна. Нүүрсний орд, алтны уурхай газрыг их сүйтгэж байна. Овоолгоотой шороо, нүх л үлдэж байна. Уул уурхайд нөхөн сэргээх ажлыг эрчимтэй хийнэ. Энэ мэтчилэн мод тарих газрыг тодорхойлж, тарих модны тоо хэмжээг мэргэжилтнүүд тооцож гаргасан.


-Жимс жимсгэний мод хөрсөнд ер нь ямар нөлөөтэй байдаг вэ, тарих боломж нөөц, ач холбогдлыг нь хэрхэн үнэлж байгаа вэ?

-Манай орны ойн сан бүрдүүлж буй мод сөөг, сөөгөнцөр ургамлын зүйлийн бүрэлдэхүүн гарсан. Өнөөгийн байдлаар, манай улсад 140 гаруй зүйлийн мод сөөг ургаж байна. Үүнийг Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн судлаачид олон жилийн судалгааны үр дүнгээр гаргасан. Түүн дотроос том шилмүүст мод 8,9 зүйл, навчит мод 10 гаруй зүйл, нийт 20 гаруй зүйлийн том мод, 42 төрлийн бургас байдаг. Үлдсэн нь жимс жимсгэнийн болон хөрс хамгаалах ач холбогдолтой мод ургамлууд байгаа юм. Чацаргана, үхэр нүд, тошлой, мойл, үрэл жимс гээд хувь хүмүүс байгалийн жимс жимсгэний мод их тарьж байна.

1961 онд байгуулагдсан Шаамарын жимс жимсгэний аж ахуй, Халх голын жимс жимсгэний станц, Ховд аймгийн Булган сум, Сэлэнгэ аймагт жимс жимсгэний модыг их  тарьж байна. Зөвхөн өөрийн орны төдийгүй хөрш зэргэлдээ Алтайн хязгаар нутаг, Буриад, Улаан-Үд, Иркутск, Читээс манайхан мод авчирч тарьж байгаа. Шинэ сортууд ч гаргаж авсан. Тэгэхээр жимс жимсгэний мод тариалах бүрэн бололцоотой. 

Агро аж ахуйн бэлчээрийн талбайд, төмөр замын дагуу, элс шороон шороон шуургыг бууруулах мод тарина. Түүний дундуур нь эгнээний завсраар жимс жимсгэний болон гоёл чимэглэлийн мод тарина. Тарьсан том моднууд богино хугацаанд үр ашгаа өгөхгүй, наад тал нь 50, 100 жил болж байж үр ашгаа өгнө. Харин экологийн ач холбогдол нь тарьсан жилээсээ өгнө л дөө. Түүний хажуугаар жимс жимсгэнийн мод 4-5 жил болж байж ард түмэн үр шимийг нь хүртэх боломжтой. Тиймээс ойрын хугацаанд үр шимийг нь хүртэхгүй бол болохгүй учраас нийлмэл хосолсон хэлбэрээр тарих санал гарсан. Түүнийг маш зөв санал гэж үзэж байна.


-Говийн хөрсөнд нэн зохицсон заг мод эрс ховордоод байгаа. Үүнээс улбаалаад, загийг даган ургадаг, эмчилгээний асар их ач холбогдолтой гоёо гэх мэт ургамал ч устах аюултай нөхцөл байдал үүснэ. Тиймээс тухайн бүс нутагт нь чухам ямар мод хамгийн сайн ургах талын судалгаа гарсан уу?

-Тэрбум мод тарих хөтөлбөрийн хүрээнд бүс нутагт тарих зүйлийн жагсаалт гарсан. Дээр дурдсан 140 зүйлийн мод сөөгийг бүгдийг нь тарих шаардлагагүй. Нарийн агро техник шаардах мод ч бий. Манай улсад тарьж байсан, одоо тарьж болох 40 гаруй зүйлийн модыг эхний ээлжинд тарих жагсаалт гарсан. Түүний байгаль экологийн онцлогийг тодруулж агро техниктэй нь хамт гаргахаар зорьж байна.  


Тэрбум мод хөтөлбөрийн гол үзэл баримтлал гэвэл, бүс нутагтаа ургаж буй унаган ургамал мод сөөгийг эхний ээлжинд тарина.

Ойт хээрийн бүс, хээрийн бүс, цөлөрхөг хээрийн бүс, цөлийн бүсэд тарих ургамлын жагсаалт гарсан. Говийн болон бусад бүсэд хайлаас, заг, тоорой мод сайн ургаж байгаа. Сөөгнөөс хармаг,  улаан сухай нүүж байгаа элсийг өөртөө сайн барьдаг онцлогтой. Харгана, гүйлс, бүйлс гээд сөөгнүүд байна. Гоёог хамтад нь тарих хэрэгтэй. Гоёо эмийн ургамал, түргэн үр шимээ өгнө. Агро аж ахуйд жимс жимсгэнээс гадна эмийн болон тэжээлийн ургамал тарина. Ийм иж бүрэн эко систем бүрдүүлэхээр зорьж байна.

 

-Мод тарьж буй дэлхийн улс орнуудын тухайлбал, Казахстаны 2 тэрбум, Пакистаны 10 тэрбум мод тарих хөдөлгөөн, Хятадын сайн туршлагуудыг судалгаандаа хэр ашиглах вэ?

-Хөтөлбөрийн нэг амин сүнс нь мод тарьж буй инновац, тэргүүн туршлагыг нэвтрүүлэхээр тусгасан. Дээрх орнуудын туршлагыг өмнө нь судалсан хүмүүс байгаа. Тухайн үед тэрбум мод тарих гэсэн үүднээс биш, сонирхлын үүднээс судалж байсан. Харин одоо их хэмжээгээр тарих учраас тэдний туршлагыг судалж оруулна. Мод сөөгийг ургуулах инновацыг голдуу өөрийн бүс нутагтай зэргэлдээ, цаг уурын нөхцөл ойролцоо Орос, Хятад, Казахстаны туршлагыг судалж оруулахыг зорьж байна. Техник технологи хөгжсөн Япон улсын туршлагаас ч судална. Модыг түргэн аргаар ургуулах ямар арга байгааг ургамлын генетекч биотехнологичид судалж байна. Биотехнологи эд эсийн аргаар энэ жил лабораторид ургуулаад дараа жил шууд талбайд гаргах зэргээр хугацаа хожино. Тэрбум модыг тарих эхний өдрөөс дуустал нь судалгаа шинжилгээний ажил тасрахгүй.


-Сангийн сайд Тэрбум мод төслийг хэрэгжүүлэхэд жил бүр дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хувийг зарцуулна гэж мэдэгдсэн. Эрдэмтдийн багийн судалгааны ажил ямар санхүүжилттэй явж байна вэ?

-Одоогоор манай  ШУА-ийн судалгааны баг мөнгө аваагүй байна. Мөн хүсээ ч үгүй байна. Яагаад гэвэл энэ ажил бидний хийх ёстой ажил, хийсэн судалгааг боловсруулж гарын авлага, заавар зөвлөмж бэлтгэж байна. Олон жилийн судалгааны үр дүнгээр хийж байгаа учир мөнгө шаардахгүй. Тэрбум мод тарих 1000 сургагч багш бэлтгэх хөтөлбөр боловсруулсан. Ер нь газар дээр хийх, туршилт тавих зэрэгт ирэх жилээс мөнгө өгнө гэж төлөвлөгөөнд тусгасан. Одоо бэлэн байгаа зүйлээ ашиглаж бэлтгэл ажлаа хийж байна.

Үндэсний орлогын нэг хувиас гадна гадаадаас хөрөнгө татах асуудал байгаа. Хамтран ажиллах донор, партнёр олдвол гадаадаас хөрөнгө босгох бололцоо байгаа.

Глазгоу хотод болсон уулзалтаар манай улсын Ерөнхийлөгчийн уриалгыг нааштай хүлээн авч санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэж хөгжилтэй орнуудын төр засгийн удирдагч нар хэлсэн. Саяхан НҮБ, ЮНЕСКО-гоос манай улсад тэрбум мод тарихад хөрөнгө оруулна гэж мэдэгдэж байна билээ. Тэгэхээр гадаадаас хөрөнгө татаж оруулах нь төр засгийн байгууллагын шийдвэр гаргагчид болон эрдэм шинжилгээний судлаач, багш нар өөр өөрсдийн шугамаар ажиллах юм бол эрдэм шинжилгээ судалгаа шинжилгээний олон улсын байгууллагуудаас, хамтран ажилладаг их, дээд сургуулиудаасаа хөрөнгө татах бололцоотой.


-Өнгөрсөн онд мод тарих хөдөлгөөнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд идэвхтэй оролцсон. Үүнээс санаж хэрэгжүүлүүштэй, сайн сургамж нь юу байсан гэж үзэж байгаа вэ?

-Хот суурин газрын ногоон байгууламж, цэцэрлэг бий болгоход нэлээд хэсэг газарт тарина. Мөн иргэн, хувь хүмүүсийн санаачилгыг дэмжин бүхий л туслалцаа дэмжлэг үзүүлнэ гэж хөтөлбөрт тусгасан. Өнгөрсөн намар хот суурин газарт иргэд хувиараа мод тарих хөдөлгөөн эхэлсэн. Үүнд мэргэжилтэн хүний хувьд баяртай байна. Улаанбаатар хотын захиргаа санаачлан Хөшигийн хөндийн зүүн талд Тэрбум мод хөдөлгөөнд зориулан цэцэрлэг байгуулахаар хашаа, худаг гарган мод тарьсан. Тэрбум мод хөдөлгөөний нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцон мод тарьсан. Манай ойчдын холбооноос 200 мянган мод суулгасан. ХААИС, МУИС болон их сургуулиуд зэрэг олон байгууллага оролцож 700-800 мянган мод, сөөг ургамлыг зөвхөн тэр газарт тарьсан. Түүний дараа дүүргүүдэд мод тарьсан. Энэ аян ихээхэн амжилтад хүрэх нэг нөхцөл нь иргэдэд сайн ойлгуулах юм.


-Мод тарих амархан. Хамгийн чухал нь тарьсан модны арчилгааг хэрхэн явуулах вэ гэдгийг олон нийт их сонирхож байна. Нэн ялангуяа, услалтын асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Энэ ажлыг мэргэжлийн байгууллагууд хийнэ. Ойн анги, ойн аж ахуй, ойн нөхөрлөл зэрэг бусад байгууллага, Хотын захиргааны мэргэжилтэн, инженер, Хот тохижуулах трестүүд, аймаг бүр мэргэжилтэн, цэцэрлэгчтэй.

Иргэд усны нөөц бага байхад тэр их ус хаана байна вэ гэдэг. Түймэрт шатсан, мод огтолсон, хортон шавжид идэгдсэн, урьд нь ой байж байгаад устсан газарт мод тарьж ойжуулж байна. Тийм газарт тордлого хэрэггүй байдаг. Зөвхөн агро техникээ зөв хийж, хөрсөө зөв боловсруулан, модоо гэмтээж хатаахгүйгээр аваачиж тарих юм бол байгалийн аяар ургана. Тэрбум мод хөдөлгөөний 60 хувь нь хуучин байсан газартаа ургана. Энэ бол ямар ч арчилгаа, усалгаа хэрэггүй. Харин хот суурин газарт арчилгаа хэрэгтэй, хамгаалахаас өөр аргагүй.


Миний бие байгалиасаа ширхэг ч модгүй Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Шилийн Богд ууланд 2001 оноос мод тарьсан.

Жилд 1000, зарим жилд 2000 мод тарьж, өсөлт амьдралыг нь үздэг. Ууланд 10-12 см сөөм хэртэй хар мод тарьсан. Өнгөрсөн жилийн тооллогоор дунджаар 5 метр,  хамгийн өндөр нь 7 метр ургаж төгөл ой үүссэн байсан. Тэнд ямар ч усалгаа, арчилгаа хийгээгүй. Зөв технологиор тарьж орхиход ургаж байгаа юм. Нэг сайн тал нь Монгол, Хятадын хил дээр ямар ч мал, айл амьтан байхгүй зэлүүд газар л даа. Ойн мэргэжил сонгосон оюутан байхаасаа эхлэн, ууландаа жижиг төгөлтэй болох юмсан гэж мөрөөдөл хүслээ тэгж биелүүлсэн. Одоо 22 жил ургаж байна. Үрээр тарьсан мод 25 наснаас эхлэн өөрөө үрээ өгдөг. Тэгэхээр хоёр жилийн дараагаас боргоцой гарч тэр орчиндоо өөрөө үр тарааж өтгөн ургана. Энэ намар очиж ахиухан мод тарих төлөвлөгөөтэй байна.


-Монголд модны үр, тарьц бэлтгэдэг хэчнээн компани байна вэ. Хангалттай хэмжээний модны үр, суулгац бэлтгэх боломжтой юу?

-Улсаас санхүүжилт авдаг том хэмжээний компани байхгүй. Мод үржүүлгийн 40 гаруй хувиараа эрхлэх аж ахуй бий. Монгол орны ой жил бүр үрээ өгнө, түүнээсээ үрээ бэлдэх хэрэгтэй. Зарим мод мөчрөөр ургана. Мөчрийг нь өвөл бэлдээд мөчрөөр ургуулан 2-3 настай болохоор нь зориулалтын газарт нь суулгана. Мод өөрөө нөхөн төлждөг баялаг, өөрөө ургадаг. Тиймээс Тэрбум мод хөдөлгөөн бол мэргэжилтэн бидэнд бэрхшээлгүй л гэж үзэж байна.


-“Тэрбум мод хөдөлгөөн” өрнөж эхэлснээр ажлын байр ямар байдлаар бий болох вэ?

-Ажлын байрны тухайд 1000 сургагч багш бэлдэнэ. Сум бүрээс гурван залуу, аймаг, хотуудаас гээд мэргэжилтэн бэлдэхэд дор хаяж 330 ажлын байр бий болно. Эдгээр залуус сумандаа очиж багш нь болоод сумынхаа байгууллага, иргэддээ мод тарих талаар зааж өгнө. Түүнийг арчилж тордох хүн, байгууллага бий болно. Түүний ард санхүүжүүлэх хөрөнгө нь ирэх жилээс тусгагдаж орно. Түүнээс гадна тэрбум мод тарих ажлын хүрээнд бүсийн, хээрийн, ойт хээрийн 10 том механикжсан мод үржүүлгийн газар байгуулна. Нэг механикжсан  мод үржүүлгийн газарт 100-гаас доошгүй хүн ажиллана гэхээр ажлын байр үүсэж байгаа юм. Мод арчлах, мэргэжилтэн цэцэрлэгч нэмж бэлтгэнэ.


-ШУА МУИС, ШУТИС-тай хамтран ойжуулалтын сургалтын хөтөлбөр боловсруулна. Энэ хүрээнд ямар ажил хийж байна вэ? 

-Ойжуулалтын сургалтын хөтөлбөрт их, дээд сургуулиуд болон хувийн сургуулиуд ч оролцоно. 1000 сургагч багш бэлтгэх эхний хөтөлбөр боловсрууллаа. Дээд боловсрол эзэмшсэн улсууд ажил хийх сонирхолтой ч хөдөө орон нутагт ажлын байр хангалтгүй байгааг судалгаагаар харуулсан. Дээд сургууль төгссөн хүнийг хоёр жилийн хугацаанд ойн мэргэжлээр ХААИС-д дипломтой мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр боловсруулж байгаа. Энэ хаврын шалгалтад элсэлт авна. Мөн МСҮТ-д цэцэрлэгч, мэргэжлийн ажилтан бэлтгэхээр энэ жилээс мөн элсэлт авахаар төлөвлөсөн. МУИС-ийн ойн тэнхим, ХААИС-ийн Агро биологийн тэнхим, ШУТИС-ийн Мод боловсруулах ойн аж ахуйн тэнхимд ойн дээд мэргэжилтэн бэлтгэдэг. Түүний элсэлтийг жил бүр нэмэх чиглэлтэй байгаа.


-Хашаандаа мод тарьж орчноо тохижуулах гэж буй иргэдэд та ямар зөвлөгөө өгөх вэ?

-Манай нийслэл хотын иргэд мод тарих эрмэлзэл, сэтгэлтэй болсон. Ялангуяа зуслангийнхаа газар мод тарих хөдөлгөөн өрнөж байна. Мод тарих хүсэлтэй иргэд манай хүрээлэн, цэцэрлэг рүү хандаж байгаа. Хашаандаа бололцооныхоо хэрээр мод ургамал тариарай гэж зөвлөх байна. Арчилгааны агро техник, заавар зөвлөмжийг Ботаникийн хүрээлэнгээс авах боломжтой.


Манай хүрээлэн ирэх намраас иргэдэд зориулсан сургалт явуулна. Сургалтыг танхимаар болон цэцэрлэгт хэрхэн тарихыг практикаар үзүүлнэ. Тарьсан модоо харьяа дүүргийнхээ хороонд бүртгүүлэх хэрэгтэй. Түүнийг төр засаг урамшуулна.


Хэдэн мод тарив, тарьсан модны тоогоор мөнгө өгнө гэж байгаа. Одоо эхэлж байгаа учир  намар мод тарилаа гэхэд ирэх хавар тарьсан модыг чинь комисс очиж үзнэ. Түүнийг хариуцсан дүүрэг, хот тохижуулах, хороондоо бүртгүүлж урамшуулалд хамрагдахыг уриалж байна.



Холбоотой мэдээ