Эдийн засгийн чуулганы хэлэлцүүлэг “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган” сэдвээр үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-03-29 07:19:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголын эдийн засгийн чуулган-2022”-ын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган” сэдвээр үргэлжилж байна.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Төрийн ордонд хоёр өдөр үргэлжлэх тус хэлэлцүүлгээр, байгаль орчин, ногоон санхүүжилтийн асуудлыг хэлэлцэхээс гадна Үндэсний тогтвортой санхүүжилтийн замын зургийг батална. Мөн уур, амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг тэмцэх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин оролцож буй санхүүгийн байгууллагууд, зарим томоохон аж ахуйн нэгжид батламж гардуулах юм. 


Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, шороон шуургатай тэмцэх бүс нутгийн уриалга, хамтарсан төслийн санал боловсруулна. Чуулганаас гарсан санал, зөвлөмжийг Монголын эдийн засгийн чуулган 2022 арга хэмжээний нэгдсэн хуралдаанд хүргүүлж танилцуулах аж.


Чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож үг хэлэх бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Олон улсын ногоон санхүүжилтийн чиг хандлага, Монгол Улсын үүрэг оролцоо” сэдвээр онцлох илтгэлийг хэлэлцүүлнэ. 


Салбар хэлэлцүүлэгт УИХ, Засгийн газрын гишүүд, холбогдох албаны хүмүүсээс гадна Монгол Улсад суугаа зарим орны Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газар болон олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчдын төлөөлөл оролцоно. 


Чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОАЖЯ, Монголын тогтвортой санхүүгийн холбоо зохион байгуулна. Мөн Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банкны холбоо, Олон улсын санхүүгийн корпорац, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, МОНЦАМЭ агентлаг хамтран зохион байгуулах юм. 


Ташрамд дурдахад, “Монголын эдийн засгийн форум-2022”-ыг угтаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зургаан сэдвээр урьдчилсан хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөсөн. Тодруулбал, “Эрчим хүчний сэргэлт”, “Төрийн бүтээмжийн сэргэлт” хэлэлцүүлэг энэ сарын 21, 22-нд болсон. Улмаар энэ сарын 24-нд "Аж үйлдвэржилтийн сэргэлт" сэдвээр УУХҮЯ, 25-нд "Хот хөдөөгийн сэргэлт" сэдвээр НЗДТГ болон холбогдох яамд, 28-нд "Боомтын сэргэлт" сэдвээр Сангийн яам, Эдийн засаг хөгжлийн яам урьдчилсан хэлэлцүүлэг зохион байгуулаад байна.

Холбоотой мэдээ