Ө.Цэрэннадмид: Эмчилгээний дараа тухайн хүний бие яг л төрсөн эх шиг нялхарчихдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2022-03-29 15:12:05

Увс /МОНЦАМЭ/ Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Уламжлалт анагаах ухааны их эмч Ө.Цэрэннадмитай ярилцлаа. Уламжлалт сэргээн засах эмчилгээний тасаг нь сард 1000-1500 орчим хүнд эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг. Тэр дундаа арван хүн тутмын долоо нь нурууны өвчлөлтэй байна.

-Уламжлалт сэргээн засах эмчилгээний тасгийн үйл ажиллагааг танилцуулна уу?

-Манай тасаг нь 4 эмч ,16 сувилагч, тусгай мэргэжилтэн, асрагч нийт 21 ажилтантайгаар хүн амд эрүүл мэндийн үйлчилгээг амбулатори болон хэвтэн эмчлүүлэхээр үзүүлж байна. Эмчилгээний хувьд зүү, бариа засал, бумба эмчилгээ, хануур, шивүүр самнуур, хөдөлгөөн засал, 10-12 төрлийн шарлагын аппарат, бүтэн биеийн бариа, сүүн бариа, халуун тосны эмчилгээ зэрэг уламжлалт сэргээн заслын эмчилгээг үзүүлдэг. Уламжлалт сэргээн засах эмчилгээний тасгийн хувьд тогтмол ачаалал ихтэй байдаг. Долоо хоногт 200-300 хүн амбулаториор, сард 1000-1500 хүн үйлчлүүлдэг ба нэг хүн 5 удаа эмчилгээнд явдаг гэж тооцвол 6000-7000 хүнд тогтмол сэргээн заслын эмчилгээг үзүүлж байна. Уламжлалт анагаах ухааны хүрээлэнд хийж буй бүх нөхөн сэргээх эмчилгээ манай тасагт хийдэг.

-Тасгийн орчин нөхцөл, хүчин чадал нэмэгдсэн харагдаж байна?

- Уламжлалт сэргээн засах эмчилгээний хэвтэн эмчлүүлэх тасаг өмнө нь мэдрэлийн тасагтай нэг байсан. Харин 2021 оны 12 дугаар сараас хойш тусдаа гарсан. Хуучнаар хүүхдийн эмнэлгийн нэг давхарт үйл ажиллагаагаа явуулж байна. Нэг үеэ бодвол тасгийн орчин нөхцөл сайжирсан, хүчин чадал, эмчилгээний нэр төрөл ч нэмэгдлээ. Энэ хэрээр хэвтэн эмчлүүлж буй иргэд эмчилгээнд сэтгэл хангалуун байгаа. Дотоод нөөц боломж болон эмнэлгийн удирдлагуудын дэмжлэгээр засвар, тохижилтын ажил нэлээдгүй хийсэн.

-Сэргээн заслын эмчилгээ хийлгэж буй иргэдийн дунд ямар өвчлөл түгээмэл байдаг вэ?

-Уламжлалт эмчилгээ бол хүний биед сөрөг нөлөөгүй, хийлгэх тусмаа үр дүнгээ өгдөг. Ялангуяа цаг уурын эрс тэс уур амьсгалтай манай аймгийн хүн амын дунд нурууны өвчлөл түгээмэл байна. 10 хүн тутмын 7 нь нурууны өвчлөлд өртдөг гэж хэлж болно. Өндөр настай хүмүүст их тохиолддог байсан бол сүүлийн үед өсвөр үе, залуучуудын дунд нурууны суулт их байна. Нурууны өвдөлтөөс гадна хүзүүний шохойжилт, тархи толгойны өвдөлтүүд, гар хөл, үе мөчний өвдөлт, яс ургалт, харвалтын дараах нүүрний саажилт, гэмтэл бэртэлд сэргээн засах эмчилгээг зонхилон хийж байна.

-Ер нь уламжлалт эмчилгээний үр дүн хэр байдаг вэ?

-Аливаа өвчлөлийг эрт үед нь илрүүлж, эмчилгээ хийвэл үр дүнтэй байдаг шиг сэргээн засах эмчилгээ ч мөн адил. Зарим иргэдийн хувьд өвчнөө тоохгүй олон жил явсны дараа эмнэлэгт ханддаг нь өвчлөлийг даамжруулах шалтгаан болж байна. Хүндэрсэн бол сэргээн засах эмчилгээгээр өвдөлтийг багасгана. Харин эрт үед 5 хоногийн дараа өвдөлт намдаж, эмчилгээний үр дүн гарч эхэлдэг. Өндөр настай хүмүүсийн өвдөлтийг даамжруулахгүй байх, зовуурьгүй болгох эмчилгээ хийгдэнэ. Анх ажилд орж байхад 52 настай иргэн нурууны өвдөлт нь даамжирч, хөл рүүгээ өвдөж тонгойж явдаг болчихсон байсан. Эмчилгээгээ тогтмол хийлгээд өөрөө ч дасгал хийж хичээсний үр дүнд одоо цэх явдаг болсон гээд олон үр дүнг ярьж болно.

-Сэргээн засах эмчилгээг хийлгэх цаг хугацааны давтамж гэж бий юу?

-Манай тасагт тогтмол хэвтэн эмчлүүлдэг иргэд олон бий. 40-өөс дээш насны иргэдийн хувьд жилд 2 удаа хэвтэн эмчлүүлбэл эмчилгээ үр дүнтэй байдаг. Уламжлалт эмчилгээ учраас эмчилгээний дараа тухайн хүний бие яг л төрсөн эх шиг нялхарчихдаг. Иймд битгий даараарай, гам бариарай гэж зөвлөдөг. Ер нь сэргээн засах эмчилгээ хийлгэсэн хүн гам барих нь маш чухал төдийгүй рашаан сувилалтай хавсарвал илүү үр дүнтэй. Эмчилгээ хийлгэсэн иргэдийн хувьд хавар эмчлүүлсэн бол зуны турш өвдөлт нь намжлаа гэдэг, намар 9,10 дугаар сард эмчилгээ хийлгэсэн хүн өвлийн турш тоохгүй. Харин хавар ядарлаа, өвдөлт сэдэрлээ гээд ирдэг. Харвалттай хүн жилийн дотор нөхөн сэргээх эмчилгээг хийлгэх хэрэгтэй. Жилээс цааш бол бие нөхөн сэргэх нь удааширдаг байгаа. Харвалтын үлдэц, саажилтуудыг сэргээн засна гэж ойлгож болно.

-Нас харгалзахгүй нурууны өвчлөл их байна. Энэ төрлийн өвчлөлд ямар эмчилгээ хийгддэг вэ?

-Нурууны суулт, саажилт, мэдрэлийн судас дарагдсан, яс ургалт зэрэг өвчлөлийн оношоос хамаарч сэргээн засах эмчилгээг хийдэг. Гол төлөв бумба эмчилгээ, бариа засал, нурууны татлага, халуун тосон бариа, шарлага эмчилгээ хийдэгМанай тасгийн эмч нарын хувьд сэргээн засах, зүүн уламжлалт, дотор өвчин судлал, уламжлалт заслаар тус бүрдээ мэргэшсэн эмч нар ажилладаг. Энэ ч утгаараа иргэдэд чанартай, үр дүнтэй эмчилгээг үзүүлэн, сэтгэл ханамжтай эмнэлгээс гаргадаг байгаа.

-Хүн амын дунд нурууны өвчлөл түгээмэл байгаа шалгаан юу вэ?

-Иргэд хүйтний улиралд нуруугаа бөөцийлдөггүй, настай хүмүүс нурууны хамгаалалт, бүс зүүдэг бол залуучууд бараг хэрэглэдэггүй. Мөн иргэд хүнд юм өргөхдөө буруу техникээр өргөж, нуруунд ачаалал өгдөг зэрэг нь нуруу өвдөх шалтгаан болдог. Сүүлийн жилүүдэд ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалан суугаа ажилтай хүмүүс энэ төрлийн өвчлөлд өртөж байна. Мөн хөдөлгөөний хомстолоос шалтгаалан нурууны өвдөлт өгөх тохиолдол ч байна.
Ер нь хүн бүр дасгал хөдөлгөөн, алхалт хийх, хүнд зүйл өргөхдөө зөв техникээр өргөх, шингэн зүйл сайн ууж хэвших хэрэгтэй. Хамгийн чухал нь өвчлөлөөс урьдчилан сэргийлэх дадалтай болох, өвдсөн бол эрт үед нь эмнэлэгт хандах нь чухал гэдгийг хэлмээр байна.

-Коронавирусээр өвчлөөд эдгэрсний дараа хөлрөх, ядрах зэрэг олон өөрчлөлт гарч байна. Энэ үед ямар эмчилгээ хийлгэх вэ?

-Коронавирусээр өвчилсөн хүмүүсийн дунд хөлрөх, ядрах, толгой өвдөх, нойргүйдэх зэрэг эрүүл мэндийн хувьд олон өөрчлөлт ажиглагдаж байна. Үүнтэй холбоотой иргэд олноор хандаж, сэргээн засах эмчилгээ хийлгэж байгаа. Тухайлбал цус өтгөрдөг. Энэ үед хануур, шивүүрийн эмчилгээгээр цус гаргах засал хийгддэг.

Дасгал хөдөлгөөн, шарлагууд сэргээх засах эмчилгээнд ангилагдаад явна. Гэмтэл бэртлийн дараах нөхөн сэргээх эмчилгээ, нурууны хагалгааны дараа гэхэд 2 хөл рүүгээ мэдээ алдаж болно, төрөлтийн дараа шээс задгайрах гээд бүх л сэргээн засах уламжлалт эмчилгээг хийдгээрээ онцлог. Эмчийн зүгээс үйлчлүүлэгчтэйгээ гардан харьцаж ажилладаг болохоор хүмүүс сэтгэл ханамжтай байдаг. Цаашид үйлчилгээний нэр төрлөө нэмэгдүүлэхээр хэрэгцээт аппаратаа захиалсан байгаа.

-Таны хувьд мэргэжлээрээ хэдэн жил ажиллаж байна?

-Би 2014 онд Уламжлалт анагаах ухааны их эмч мэргэжлээр төгсөөд орон нутагтаа ирсэн. 2017-2019 онд “Уламжлалт анагаах ухааны дотор өвчин”-ний чиглэлээр нарийн мэргэжлээр суралцсан. Нэгдсэн эмнэлэгт Уламжлалт анагаах ухааны их эмчээр 8 дахь жилдээ ажиллаж байна. Анх залуу эмчийн хувьд айх, эмээх зүйл гардаг байсан. Эхний хэдэн жил ажилласны дараа дасаад, мэргэших тусам ажилдаа илүү дурлах болсон. Миний хувьд ядарсан, өвдсөн настай хүмүүстэй сайхан харьцаж, туслахыг илүүд үздэг. Хамгийн гол нь өвдөж байгаа хүнийг эмчлээд эргээд дулаан үгтэй талархлын үгийг сонсох нь урам зориг өгдөг. Мөн хүмүүс эмчээ гээд хүндлэх тэр мэдрэмж сайхан байдаг болохоор мэргэжлээрээ бахархаж явдаг даа.

-Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ