ГХБХБГ-ын дарга Э.Чагнаадорж “Жендэрийн мэдрэмжтэй эрэгтэй удирдагч”-аар шалгарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-04-05 11:46:31
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Хүний эрхийн Үндэсний комиссоос зохион байгуулсан “Жендэрийн мэдрэмжтэй эрэгтэй удирдагч”-ийн шалгаруулалтын Төрийн захиргааны байгууллагын төрөлд Дундговь аймгийн ГХБХБГ-ын дарга Э.Чагнаадорж шалгарсан бөгөөд өчигдөр шагналаа гардан авлаа. Шагналыг Хүний эрхийн Үндэсний комиссын Дундговь дахь референт Т.Баярцэцэг гардуулав. 

Хүний эрхийн Үндэсний комиссоос НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төсөл, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-тай хамтран “Жендэрийн мэдрэмжтэй эрэгтэй удирдагч” нарыг шалгаруулжээ.

Энэхүү үйл ажиллагааг жендэрийн тэгш байдлыг сурталчлах, түүний хэвшмэл ойлголтыг өөрчлөх, төрийн болон аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай” хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж сайжруулах, үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор анх удаа орон нутгийн түвшинд зохион байгуулсан байна.

Энэхүү сонгон шалгаруулалтад 19 аймгийн 170 гаруй байгууллагын 1800 гаруй албан хаагч оролцогч, аймаг бүрт гурван салбараар жендэрийн мэдрэмжтэй 29 удирдагчийг шалгаруулжээ.

Жендэрийн мэдрэмжтэй эрэгтэй удирдагч нараар дамжуулан тэдний сайн туршлага, жендэрийн мэдрэмжтэй үйл ажиллагааг таниулах, сурталчлах ажлыг зохион байгуулах ажээ.

Холбоотой мэдээ