Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-04-08 15:02:00
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн эерэг соёлыг хамтдаа төлөвшүүлье” аян өчигдрөөс эхэлж, 4 дүгээр сарын 7-нд нээлтээ хийлээ.

Аяныг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг, мэдээллийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор орон даяар хэрэгжүүлж байгаа юм.

Тус аяны нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр оролцож, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал нь зөвхөн аяны хүрээнд яриад өнгөрөх асуудал биш, өдөр тутамд бүхий л салбарт яригддаг чухал асуудал байгаасай гэдгийг онцлоод "бид аюул осолгүй ажиллах ёстой гэдгийг мэддэг боловч зарим тохиолдолд хайнга ханддаг, дүрэм журмаа дагадаггүй, тухайн байгууллагын хариуцлага, ажлын байрны соёл, алба хаагчийн хандлага бас чухал байх ёстой. Хууль, дүрэм журам батлаад түүнийг хэрэгжүүлдэггүй бол осол гэмтэл гарсаар л байх болно, тиймээс хууль дүрмээ сайжруулахын зэрэгцээ хүмүүсийн ухамсар, хандлагад тасралтгүй нөлөөлөх нь осол гэмтлийг багасгах үр дүнтэй арга юм” гэлээ.  

Энэ үеэр аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мөнхчулуун сарын аяны ажлын төлөвлөгөөг танилцуулж, МХГ-ын Хөдөлмөрийн улсын байцаагч П.Нямсүрэн Хяналт шалгалтаар илэрч буй зөрчил дутагдал, цаашид анхаарах асуудал сэдвээр илтгэл тавьж, аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны сургагч багш О.Цэнгэлмаа Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага шалгаруулах болзолт уралдаан зарлаж байгаа тухай мэдээлэл өглөө.   

Холбоотой мэдээ