Хятадын цахилгаан автомашины жилийн үйлдвэрлэл, борлуулалт 5 саяд хүрэх төлөвтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ankhbayar.abr@yahoo.com
2022-04-12 11:16:42

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын Автомашин үйлдвэрлэгчдийн холбооны тооцоолж буйгаар энэ онд тус улсын цахилгаан автомашины үйлдвэрлэл, борлуулалт 5 саяд хүрч, зах зээлийн өсөлтийн гол хүч хэвээр байх юм.


Тус холбоо даваа гарагт оны эхний улирлын автомашины үйлдвэрлэл, борлуулалтын мэдээллийг танилцуулав.


Гуравдугаар сард улсын хэмжээнд автомашины үйлдвэрлэл өмнөх сараас 23.4 хувиар өсч 2.24 сая, борлуулалт 28.4 хувиар өсч 2.23 саяд хүрсэн байна. Гэвч энэ нь өмнөх оны мөн үеэс үйлдвэрлэл 9.1 хувиар, борлуулалт 11.7 хувиар буурсан үзүүлэлт болжээ.


Харин оны эхний улиралд автомашины үйлдвэрлэл өмнөх оноос 2 хувиар өсч 6.48 сая, борлуулалт 0.2 хувиар өсч 6.5 саяд хүрсэн байна.


Автомашины зах зээлийн өсөлтийн хурд буурч байгаа ч цахилгаан автомашины зах зээл өссөөр байгаа бөгөөд эхний улиралд үйлдвэрлэл, борлуулалт аль аль нь нэг саяаас давсан буюу нийт зах зээлийн 19.3 хувийг эзлэжээ.


Тодруулбал, эхний улиралд цахилгаан автомашины үйлдвэрлэл 1.29 сая, борлуулалт 1.25 саяд хүрч өмнөх оноос тус бүр 140 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. 

Холбоотой мэдээ