Татвар мэдүүлэгчдийн 23 хувь нь "X" тайлан гаргагч нар байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-04-12 14:55:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Транспэрэнси Интернэшнл Монгол ТББ, “Рио Тинто Монгол” ХХК МҮХАҮТ хамтран “Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж, Бизнесийн ёс зүйн төвийг байгуулан ажиллаж байна. Тус төв “Монгол Такс ТМЗ” компани хамтран “Татварын ёс зүй” уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулав. Бизнесийн ёс зүй нь бизнес эрхлэгч нарт тогтвортой, ил тод, нээлттэй, шударга үйл ажиллагаа явуулахад шаардлагатай байдаг бол татварын ёс зүй тэдэнд татвараа бүрэн, мөн шударгаар төлөхөд чухал шалгуур болдог. Нэг ёсондоо татварын ёс зүй бизнест шударгаар нөлөөлдөгт уулзалтад оролцогч нар санал нэгдэж байв. Энэ талаар бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ "Монгол Такс ТМЗ" ХХК-тай хамтран Монгол дахь татварын ёс зүйн байдлыг судалжээ. "Татварын ёс зүй өндөртэй байгууллага бизнесийн эрсдлээ тооцох, ногоон зээл авах зэрэг давуу тал, ач холбогдолтой байдаг" талаар МҮХАҮТ-ын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан хэлэлцүүлгийн нээлт дээр онцолж байв.





Татварын ёс зүй бизнест шударгаар нөлөөлдөг. 


"Татварын ёс зүй өндөртэй байгууллага бизнесийн эрсдлээ тооцох, ногоон зээл авах зэрэг давуу тал, ач холбогдолтой байдаг" талаар МҮХАҮТ-ын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан хэлэлцүүлгийн нээлт дээр онцолж байв.




Энд мөн татвар төлөгч нарт ялгаваралгүй, шударга хандах учиртай татварын ажилтны мэргэжлийн ёс зүй ч багтан ордог талаар өнөөдрийн уулзалт хэлэлцүүлгээр хөндөв. Энэ талаар буюу тодруулбал, Татварын хуулийн хэрэгжилтийн талаар Татварын ерөнхий газрын Орлогын хяналт, буцаан олголтын хэлтсийн дарга Д.Тунгалаг, “Татварын ёс суртахууны тухай ойлголт”-ын талаар Татварын мэргэшсэн зөвлөх нийгэмлэгий ерөнхйилөгч Г.Алтанзаяа болон дээрх нийгэмлэгийн Мэргэжлийн хариуцлага, ёс зүйн хорооны захирал З.Оюунчимэг нар танилцуулав.



Орон сууц худалдан авсны болон оюутны сургалтын төлбөрийн буцаалтыг энэ сард багтаан иргэдэд олгоно.



Тодруулбал, Татварын ерөнхий газрын Орлого хяналт, буцаан олголтын хэлтсийн дарга Д.Тунгалаг, НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэхэд улсын төсөвт хэрхэн нөлөөлөх талаар судалж буйг дуулгалаа. Өнгөрсөн онд НӨАТ-ын сугалааны урамшуулалд 13 тэрбум төгрөг, буцаан олголтоор 160 тэрбум төгрөг олгожээ.

Тэрээр мөн уулзалт, хэлэлцүүлгийн үеэр орон сууц худалдан авсны болон оюутны сургалтын төлбөрийн буцаалтаар энэ онд 53 мянган иргэнд 52 тэрбум төгрөгийг олгох талаар мэдээллээ. Татвар төлөгч нараас энэ талын тайланг хүлээн авч, баталгаажуулжээ. Одоогоор Төрийн санд санхүүжилтээ үүсгэж байна. Энэ сардаа багтаан иргэдэд олгоно. Өнгөрсөн онд 50.3 тэрбум төгрөгийг буцаан олголтоор өгч байсан бол энэ онд өссөн гэв. 






Татварын орлогыг нэмэгдүүлэхийн тулд татварын үйл ажиллагааг сайжруулах хэрэгтэй. Үйл ажиллагааг сайжруулахын тулд бизнес эрхлэгчдийг татварт бүрэн хамруулах шаардлагатай. Энэ шаардлагаар НӨАТ бий болсон. НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтыг хуулиар зохицуулж буйг хэлж, худалдааны томоохон зах, төв дэх худалдаа эрхлэгчдийг татварт хамруулах үйл ажиллагааг татварын албанаас тусгайлсан төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж буйг хэллээ. Энэ хүрээнд 2019 оноос QR код байршуулж эхэлсэн. Нийт тайлан ирүүлэгчдийн 23 хувийг "X" тайлан (ашиггүй) эзэлдэг. Энэ төрлийн тайлан өсөлтгүй хэвээр байна гэв.




Манай улсын татварын орлого өнгөрсөн оны урьдчилсан гүйцэтгэлээр 11 их наяд төгрөг болж байв. Үүнийг 2020 оны үеийнхтэй харьцуулахад татварын орлого 32 хувиар нэмэгдэж иржээ.





Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн тэргүүн Г.Алтанзаяа хэлэхдээ, НӨАТ нь төсвийн орлогод онцгой хувь нэмэр оруулдаг. Тус татварын буцаан олголтын зарим хэсгийг сугалаагаар олгох нь олон улс оронд байдаггүй, хэрэгждэггүй зүйл. НӨАТ-ын буцаан олголтыг 2 хувь байлгах эсэх нь төрийн бодлого. Хэрэв өсгөн нэмэгдүүлж, 10 хувиа буцааж авна гэвэл НӨАТ байлгах шаардлагагүй болно гэдгийг хэлж байв.

“Татварын ёс зүй” уулзалт, хэлэлцүүлэгт мэргэшсэн нягтлан бодогч, татварын байцаагч, ААН-үүдийн төлөөлөл 100 гаруй хүн оролцож, “Татварын ёс зүйтэй бизнес эрхлэхүйг төлөвшүүлж манлайлахад”-д нэгдэхээ илэрхийллээ. 








Гэрэл зургуудыг Б.Чадраабал

Холбоотой мэдээ