Орон нутаг хариу арга хэмжээг зөв авч хэрэгжүүлснийг сайшаав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-04-18 17:25:47

Баянхонгор /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн сан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран “Цочролд хариу үзүүлэх нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх" чиглэлээр 2019 оноос хамтран ажиллаж байна.

Энэ хүрээнд Баянхонгор болон Завхан аймгийн цочролд үзүүлэх нийгмийн хамгааллын үйлчилгээг үзүүлэхэд бэлэн байдлыг шалгах, цаашид сайжруулах хэрэгцээ шаардлагыг тодорхойлох зорилгоор орон нутгийнханд сургалт мэдээллийг  өглөө.

Нийгмийн халамжийн сангаас олгодог жирэмсэн эхийн тэтгэмжид хамрагдаж буй эхчүүдэд нэг удаагийн мөнгөн дэмжлэг олгох бодлогын хүрээнд  сургалтыг хийж байна.

Үйл ажиллагаанд  ХНХЯ-ны НХБХЗГ-ын дарга Б.Ундрал, Баянхонгор аймгийн ХХҮГ-ын дарга Д.Амарсанаа, аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхжаргал нарын зэрэг албаныхан оролцсон бол Баянхонгор аймгийн 19 сумын эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтэн, ХХҮГ-ын сумдын байцаагч зэрэг нийт холбогдох албаны 50 хүн сургалтад хамрагдаж байгаа юм. 

"Ковид-19" цар тахал болон өмнөх жилүүдэд Баянхонгор аймагт нүүрлэсэн ган, зудын эрсдэлийн үед иргэдийн амьжиргааг хамгаалахад аймаг орон нутаг зөв хариу арга хэмжээг авсан нь сайн жишээ гэдгийг зохион байгуулагчид онцолж байв. Цочролын аливаа үед хариу арга хэмжээг зөв тодорхойлж, сайтар зохион байгуулах нь нийгмийн хамгааллын оновчтой, үр дүнтэй тогтолцоо гэдгийг албаныхан хэлж байна.

Холбоотой мэдээ