Хувь хүний мэдээллийг зөвшөөрөөлгүйгээр ашиглаж цацахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-04-19 14:34:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай хуулиуд ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Үүнээс тодруулбал, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд мэдээлэл хариуцагч мэдээллийг гуравдагч этгээдэд өгсөн, дамжуулсан бол мэдээллийн эзэнд мэдэгдэл хүргүүлнэ гэж заажээ. Үүнтэй холбоотойгоор БШУ-ны сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан болон Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ нар мэдээлэл хийж, иргэнд "Мэдэгдэл хүргэх систем"-ийг танилцууллаа.




БШУ-ны сайд, Цахим хөгжил харилцаа холбооны сайдын үүрэг хариуцагч Л.Энх-Амгалан хэлэхдээ, төрийн үйлчилгээг цахимжуулж буй E Mongolia платформ системийг хөгжүүлээд 2 жил болж буйг тодотгоод, Засгийн газраас “Цахим үндэстэн” болж, цахим засаглалыг бий болгон хөгжүүлэх зорилт тавин, энэ хүрээнд олон ажил төлөвлөн хэрэгжүүлж байна гэв. Жишээ нь, УИХ Цахим бодлогын байнгын хороотой болж, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг шинээр эмхлэн байгуулсан, E Mongolia академи үүсгэн, төрийн бүх үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, хүнд сурталгүй, авлигагүй, ил тод, нээлттэй хүргэх томоохон ажлуудыг хийж буйг тодотголоо.

Өнөөдөр танилцуулж буй "Мэдэгдэл хүргэх систем"-ийн хувьд энэ бол төр иргэний мэдээллийг ашигласан бол тухайн иргэнд мэдэгдэл очдог, иргэнээс зөвшөөрөл авдаг болж байна гэсэн үг. Хувь хүнээс зөвшөөрөл авалгүй мэдээллийг нь ашигладаг үйлдэлд өнөөдөр цэг тавьж байна” хэмээн онцоллоо.


Хувь хүний мэдээллийг хамгаалах талаар Цахим хөгжил, харилцаа холбооны яам ХЭҮК хамтран ажиллана.


"Мэдэгдэл хүргэх систем" ашиглалтад орсноор иргэн өөрийн мэдээлэлд ямар байгууллагаас, хэзээ хандсаныг мэдэх, хянах боломж бий болох юм. Өөрөөр хэлбэл, төрд буй таны мэдээллийг ямар байгууллагаас шилжүүлж ашигласан талаар мэдэх боломжтой. Дээрх мэдэгдэл "E-Mongolia" системийг ашигладаг иргэн бүрд автоматаар очих аж. 2021 онд төрийн байгууллага хооронд нийтдээ 511 сая удаа мэдээлэл солилцжээ.




Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ хэлэхдээ, “Нийтийн мэдээллийн ил тод байдал, Хүний хувийн мэдээллийг хамгаалах, Цахим гарын үсгийн тухай хуулиудыг дагаж 30 гаруй эрх зүйн актыг батлан гаргана” гэдгийг тодотгоод, жишээ нь, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн дагуу мэдээллийн эзний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлөхүйц шийдвэр гаргах юм.




Тухайн иргэн, хүнтэй холбоотой эмзэг мэдээллийг байнга боловсруулах үнэлгээ хийх аргачлал, журмыг болон дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахад тавих шаардлага, анхааруулгад тусгах мэдээллийг Хүний эрхийн Үндэсний комиссын саналыг үндэслэн Цахим хөгжил, харилцаа холбооны яам батална гэдгийг хэлэв.

Хүний хувийн мэдээллийг хамгаалах болон холбогдох бусад хууль, журмын төсөл дээр ЦХХХЯ ХЭҮК хамтарч ажиллахаар болсныг дуулгав. Улмаар шинэчлэн баталсан хүний хувийн мэдээллийг хамгаалах болон холбогдох бусад хууль тогтоомжийн талаар иргэдэд тэнцвэртэй, зөв мэдээлэл ойлголт өгөх, олон нийтэд таниулан сурталчлах аж. Хоёр байгууллагын төлөөлөл дахин уулзаж, журмын төслийг эцэслэн боловсруулахаар тохиролцжээ



Холбоотой мэдээ