Монгол Улсад 92 орны 5500 хүн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2022-04-21 09:01:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас 2022 оны 1 дүгээр улиралд БНСУ-д 377 , Япон Улсад 26, нийт 403 иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлстэй ажиллахаар зуучлагдсан гэж ҮСХ мэдээлжээ. Ажиллах хүчнээр гадаадад зуучлагдсан иргэдийн тоо 2021 оны 4 дүгээр улирлаас 249  хүнээр өсжээ. Зуучлагдсан иргэдийг хүйсээр нь авч үзэхэд, 357 нь эрэгтэй, 46  нь эмэгтэй. Дээрх нэр бүхий орнуудад  ажиллах иргэдийн   насны ангилал нь 42.4 хувь нь 30-34 насныхан, 25.1 хувь нь 25-29 насныхан, 0.7 хувь нь 45-49 насныхан байна.  


Цалин хөлстэй ажил эрхлэхээр зуучлагдсан иргэдийн 181 нь бүрэн дунд, 170  нь бакалавр (дээд боловсролтой), докторын зэрэгтэй 1 хүн,  техникийн мэргэжилтэй 51 хүн байжээ. Боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 377, хүний эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбарт 23, шинжлэх ухаан болон техникийн салбарт 3 нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар явжээ. Монгол Улсын иргэд ингэж гадаадад хөдөлмөрийн гэрээгээ зуучлагдан ажилладаг. Түүнтэй нэгэн адил манай улсад гадаадын иргэд хөдөлмөрийн гэрээгээр хэдэн орны хэдэн иргэн ирж ажиллаж байгаа талаар ҮСХ мэдээлсэн байна. 


Монгол Улсад 2022 оны эхний улирлын байдлаар  92 улсын 5500  иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олох зорилготойгоор хөдөлмөр эрхэлж байна. Ийм  зорилгогүйгээр сайн дурын ажилтнууд энэ тоонд багтжээ. Тэдгээр  иргэдийн тоог өнгөрсөн оны 1 дүгээр улиралтай харьцуулахад 1000 хүнээр өсжээ.    


Манай улсад ажиллаж байгаа гадаад иргэдийн 4800 нь эрэгтэй, 700 нь эмэгтэй байна. Эдгээр  иргэдийн 56.8 хувь нь БНХАУ-ын, 5.1 хувь нь ОХУ-ын, 4.9 хувь нь БНЭУ-ын, 4.6 хувь нь БНСУ-ын, 3.8 хувь нь АНУ-ын, 3.5 хувь нь Вьетнамын, 3.2 хувь нь Австрали Улсын, 3.0 хувь нь Филиппинийн, 15.1 хувь нь бусад улсын харьяат байх жишээтэй. Тэдний иргэдийг насны хувьд авч үзэхэд  17.5 хувь нь 50-54 насныхан, 16.9 хувь нь 45-49 насныхан, 14.6 хувь нь 35-39 насныхан. Хамгийн бага буюу 2.5 хувь нь 24 хүртэлх насныхан байна гэж ҮСХ тайлбарлажээ. Тэдний ажиллаж байгаа байршлыг  бүс нутгаар нь авч үзэхэд,  2000 нь төвийн бүсэд, 2000 нь Улаанбаатарт, 900 нь зүүн бүсэд, 300 нь баруун бүсэд, 300 нь хангайн бүсэд ажиллаж байгаа юм билээ.  Монгол Улсад ажилладаг гадаадын иргэд 2021 оны 1 дүгээр улирлаас өссөн.  Гэвч 2021 оны 4 дүгээр улирал буюу өмнөх улирлаас 2.7 хувиар буурчээ. 

Тэднийг боловсролын төвшингээр нь авч үзэхэд, 2517 нь дипломын болон бакалаврын зэрэгтэй. Харин 1862 нь техникийн  мэргэжилтэн, 515 нь бүрэн дунд, 401  нь тусгай мэргэжлийн дунд боловсролтой, 134 нь суурь, 34  нь магистр, доктор байна. Гадаад иргэдийн 2400 мэргэжилтэн, 1200 нь техникч болон туслах дэд мэргэжилтэн, 700 нь менежер, 600 нь суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагч, 400 нь үйлдвэрлэл, барилга, гар урлал, 96  нь энгийн үйлчилгээний ажилтан, 45  нь конторын ажилтан, 27 нь худалдаа, үйлчилгээний болон хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтнууд аж.

Манай улсад 2022 оны 1 дүгээр улиралд ажил эрхэлж буй гадаад иргэдийн 1836 нь уул уурхай олборлолтын, 1106  нь барилгын, 748  нь боловсролын, 539  нь боловсруулах үйлдвэрлэлийн, 365  нь тээвэр ба агуулахад, 310 нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээ, 191  нь бусад үйлчилгээний салбарт ажиллаж байнаОлон улсын байгууллага болон суурин төлөөлөгчийн газарт 117 нь, бусад салбарт 251 нь ажиллаж байна. Эдгээр тоон үзүүлэлтийг 2021 оны 4 дүгээр улиралтай харьцуулахад, боловсролын салбарт ажилладаг  иргэдийн тоо  254 хүнээр өсжээ. 

Хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг гадаадын иргэдийг хүлээн авсан байгууллагын хэлбэрийг авч үзэхэд, 5000 нь хязгаарлагдмал хариуцлагатай компани, 200 нь ТББ, 300 нь бусад салбарт ажиллаж байна.

 Ойлголт, тодорхойлолт:

“Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах” тухай хууль, Засгийн газраас тухай бүр батлан гаргадаг гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авахтай холбоотой тогтоол шийдвэрийн хүрээнд үзүүлдэг. “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль”-ийн 15.1.4, 8, 9-р заалтын дагуу “HG”, “O” болон “SH” ангиллын визээр гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай гэрээ болон уригч талын хөдөлмөрийн гэрээгээр ирсэн гадаадын иргэдэд ажил эрхлэх зөвшөөрөл олгодог байна.

- “HG” ангиллын визээр цалин хөлс, орлого олох зорилгоор хөдөлмөр эрхэлж буй ажиллагчид гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай гэрээгээр ирж ажилладаг.

- “SH” ангиллын визээр шашны байгууллагын урилгаар (i) цалин хөлс, орлого олох зорилгоор хөдөлмөр эрхэлж буй ажиллагчид, (ii) цалин, хөлс, орлого олох зорилгогүйгээр сайн дурын ажил хийж байгаа  иргэд хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг.

 - “O” ангиллын визээр төрийн бус байгууллага, олон улсын хүмүүнлэгийн байгууллагын урилгаар цалин, хөлс, орлого олох зорилгогүйгээр сайн дурын ажил хийж байгаа иргэд мөн  гэрээгээр ажилладаг ажээ.  

Холбоотой мэдээ