Бүх нийтээр мод тарих үндэсний өдрүүдийн нээлтийг хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-04-29 19:35:41

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Бүх нийтээр мод тарих өдрүүдийн нээлт өнөөдөр Өвөрхангай аймагт боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдрүүд” хэмээн зарласан байдаг.

Энэ жил “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчны бохирдлыг бууруулах жил”-ийн хүрээнд томоохон ажил өрнөх учраас мод, бут тарих өдрийг  Өвөрхангай аймгийн хэмжээнд наашлуулж, 4 дүгээр 29, 30-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн НҮБ-ын индэр дээр амалсан “Тэрбум мод” тарих хөдөлгөөнд Өвөрхангайчууд 20 сая модоор хувь нэмрээ оруулах гэрээ байгуулсан. Үүнээс гарааны жилд тарьц суулгацын нөөцөөс хамаараад 600 мянган мод тарих зорилттой байгаа юм. Арвайхээр сумын хувьд 23 га талбайд 70 гаруй мянган мод, бут тарихаар төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад хуваарилж өгснөөр ийнхүү ажлаа эхэлж байна.

Мөн энэ өдөр тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа. Үзэсгэлэнд 10 гаруй ААН оролцож, 17 нэр төрлийн 130 гаруй мянган мод сөөгийг борлуулж байна. Мод тарихад зардлын хувьд амаргүй байгааг аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэн хэллээ. Төсөв хөрөнгийн 30 орчим хувь нь тарьц суулгацад, 70 гаруй хувь нь хашаажуулалт, хамгаалалт, усжуулалтад зарцуулагдаж байгаа аж. Нийт зардлын 30 хувь буюу тарьц суулгацын үнийг байгууллага, аж ахуйн нэгжүүд, 70 хувийг аймгийн төсвөөс гаргаж байна.

Холбоотой мэдээ