НДШ-ийг нэг удаа нөхөн төлөх хуулийн төсөл боловсруулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-08-02 13:38:43

УИХ-ын гишүүн С.Чинзориг, Л.Энх-Амгалан, Д.Оюунхорол, Д.Тогтохсүрэн, Д.Сарангэрэл, Ч.Хүрэлбаатар нарын  10 гишүүн малчид, хувиараа аж ахуй эрхэлж буй иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлөх тухай хуулийн төсөл санаачлан боловсруулжээ. 

Манай улсын ДНБ-ий 10 гаруй хувийг үйлдвэрлэж байгаа мал аж ахуйн салбарт 300 гаруй мянган малчин ажиллаж, тээвэр, худалдаа үйлчилгээ зэрэг эдийн засгийн томоохон салбаруудад 240 мянган иргэн хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа. Энэ нь Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байгаа нийт ажиллагсдын 50 орчим хувийг эзэлж буй юм.         

Үндэсний статистикийн хороо болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээнээс үзвэл малчдын 10 орчим хувь нь, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 15 орчим хувь нь нийгмийн даатгалд хамрагддаг. Энэ байдал цаашид үргэлжилбэл нийгмийн баталгаа нь алдагдах сөрөг үр дагавартай гэж үзэн дээрх гишүүд хуулийн төсөл боловсруулжээ. 

Мөн Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл батлагдсанаар малчид хувиараа хөдөлмөр эрхлэгчид нийгмийн даатгалаа тасралтгүй төлж, өндөр насны тэтгэвэр авах эрх нь үүсч, шилжилтийн хүнд үед нийгмийн хамгааллын гадна үлдсэн малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн баталгаа нь сайжрах чухал ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзэж байгаа аж. 

Энэхүү хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Нийгмийн даатгалын тухай болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх тухай хууль зэрэг хуулиудад бүрэн нийцэж байгаа юм байна.

Төсөл санаачлагчид төсөлд санал авахаар өчигдөр Монгол Улсын Засгийн газарт хүргүүлжээ.

Н.Туяа

Холбоотой мэдээ