Дайнаас үүдэлтэй хүнсний хомсдол Хятад улсад тийм ч их нөлөө үзүүлэхгүй гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ankhbayar.abr@yahoo.com
2022-05-03 14:47:44

БЭЭЖИН. /Chinanews/.    “ОХУ, Украины дайнаас үүдэлтэй хүнсний хомсдол БНХАУ-д тодорхой хэмжээнд нөлөө үзүүлэх ч нөлөө нь тийм ч их биш” хэмээн Хятадын Төв Санхүү, эдийн засгийн сургуулийн дэд профессор Лю Чунь Шэн хэлжээ.

 

Тэрбээр “хүнсний хомсдолын асуудал бол үнэхээр ноцтой асуудал. Учир нь ОХУ, Украин улсууд нь Европын “үр тарианы агуулах” гэгддэг улсууд гэдгийг онцолсон байна.

 

БНХАУ нь Украины эрдэнэ шишийн томоохон худалдан авагч бөгөөд импортын эрдэнэ шишийн 30 орчим хувийг тус улсаас авдаг.

 

Эрдэнэ шишийн үнэ огцом нэмэгдэх нь үржүүлгийн аж ахуйн зардлыг нэмэгдүүлж, үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлнө.

 

Мөн Украин улс нь наранцэцэгийн тос экспортлогч орон учраас хүнсний тосны үнэ мэдэгдэхүйц өсөх хандлагатай байна.

 

Буурай хөгжилтэй зарим орны хувьд хүнсний асуудал илүү хүндээр тусах ба дэлхийн хүмүүнлэгийн хямралд ч хүргэх боломжтой гэдгийг тэрбээр хэлжээ.

 

Тэгвэл энэхүү хүнсний хямрал нь БНХАУ-д хэрхэн нөлөөлөх талаар тэрбээр ярихдаа, “манай улсад мэдээж нөлөө үзүүлэх ч үзүүлэх нөлөө харьцангуй хязгаарлагдмал юм. Учир нь Хятад улс үр тарианы асуудалд нухацтай хандаж, асуудлыг өөртөө даатгасаар ирсэн. Тариалангийн талбайн хэмжээг 1.8 тэрбум му-гаас бууруулахгүй арга хэмжээ авч байна. Гэхдээ энэ онд Хятадад хүнсний үнэ нэмэгдэх төлөвтэй байна” гэв.

 

Тэрбээр “НҮБ-ын зүгээс энэ удаагийн хүнсний хямралыг урьдчилан харж, дэлхийн бүх улс орнууд үндсэн үүргээ хүлээж, хамтдаа даван туулах ёстой” гэв.

 

Статистик мэдээллээр, ОХУ, Украин улсууд нь үр тарианы чухал экспортлогч орнууд юм. Тухайлбал, Украин улс нь дэлхийн наранцэцэгийн тосны 49.6 хувийг, улаан буудайн 10 хувь, арвайн 12.6 хувь, эрдэнэ шишийн 15.3 хувийг дангаараа үйлдвэрлэдэг.

 

Дайн эхэлснээс хойш Хар тэнгисийн бүс нутгаас экспорт тасалдаж, нийлүүлэлтийн тодорхойгүй байдал нэмэгдсээр байна.

 

Мөн тус хоёр орон нь дэлхийн бордооны чухал үйлдвэрлэгч орнууд юм.

 

Ташрамд дурдахад, Дэлхийн банк, ОУВС, НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр /WFP/, Дэлхийн Худалдааны байгууллагаас хамтран 4 дүгээр сарын 13-ны өдөр мэдэгдэл гаргаж, улс орнуудын Засгийн газруудыг хүнсний аюулгүй байдлын талаар яаралтай арга хэмжээ авахыг уриалсан.

 

 

Холбоотой мэдээ