Төлбөрийн тэнцлийн урсгал данс 572.2 сая ам.долларын алдагдалтай гарав

Монголын мэдээ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2022-05-04 10:29:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төлбөрийн тэнцлийн урсгал данс энэ оны эхний 2 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 572.2 сая ам.долларын алдагдалтай гарлаа.


Алдагдал нь өмнөх оны мөн үеийнхээс 455.5 (4.9 дахин) сая ам.доллароор нэмэгджээ. Үүнд бараа худалдааны алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 290.1 сая, үйлчилгээний худалдааны алдагдал 122.5 сая ам.доллароор нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Харин урсгал дансны алдагдал энэ оны 2 дугаар сард өмнөх сарынхаас 233.1 сая ам.доллароор багасаж, 169.6 сая ам.доллар болсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. 


Үйлчилгээний худалдааны орлого 2022 оны эхний 2 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 98.5 сая, зарлага 396.7 сая ам.доллар болж, орлого өмнөх оны мөн үеийнхээс 11.8 сая ам.доллароор багасаж, зарлага 110.7 сая ам.доллароор нэмэгдлээ. Үйлчилгээний худалдааны алдагдал энэ оны эхний 2 сард өмнөх оны мөн үеийнхээс 122.5 сая ам.доллароор нэмэгдэж, алдагдал 298.2 сая ам.доллар болжээ.


Хөрөнгийн данс оны эхний 2 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 12.8 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 3.8 сая ам.доллароор багасав. Мөн энэ оны 2 дугаар сард 6.7 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сарынхаас 0.6 сая ам.доллароор нэмэгдсэн байна. Санхүүгийн дансны тэнцэл энэ оны эхний 2 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 109.6 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 34.4 сая ам.доллароор багасжээ. Харин 2 дугаар сард 3.3 сая ам.долларын ашигтай гарсан нь өмнөх сарынхаас 102.9 сая ам.доллароор багассан байна.


Төлбөрийн тэнцэл 2021 оны эхний 2 сард 7 сая ам.долларын ашигтай гарсан бол 2022 оны эхний 2 сарын урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оны мөн үеийнхээс 578.4 сая ам.доллароор багасаж, 571.4 сая ам.долларын алдагдалтай болжээ. Харин төлбөрийн тэнцэл энэ оны 2 дугаар сард 230.5 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх сарынхаас 110.4 сая ам.доллароор багасжээ. 

 

Холбоотой мэдээ