Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ өссөн үзүүлэлттэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-05-05 09:41:42
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн статистикийн хэлтсээс тавдугаар сарын 4-ний өдрийн байдлаар гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн талаар харьцуулсан судалгааг авснаа хүргэе.

Үхрийн ястай мах (кг) дунджаар 15000 төгрөг байгаа нь өмнөх 7 хоногийн дундаж үнийн түвшинд, өмнөх сарын дундаж үнээс 23.1 хувиар, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 5.3 хувиар тус тус өссөн байна.
Харин ямааны ястай мах (кг) дунджаар 11000 төгрөг, хонины ястай мах (кг) дунджаар 14000 төгрөг байгаа нь өмнөх сарын дундаж үнээс 21.9-33.6 хувиар, өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 3.4-14.3 хувиар тус тус өсжээ.

Элсэн чихэр, задгай (кг) дунджаар 3000 төгрөг, цагаан будаа, задгай (кг) дунджаар 3350 төгрөг, шингэн сүү, үнээний, задгай (л) дунджаар 3250 төгрөг, Алтан тариа, 1-р зэргийн гурил, савласан (кг) дунджаар 1600 төгрөгийн үнэтэй байна. Энэ нь өмнөх сарын дундаж үнээс 4.3-32.9 хувиар бүгд өссөн үзүүлэлттэй байлаа.
Мөн шатахуун А-80 (л) дунджаар 2470 төгрөг, А-92 (л) дунджаар 2520 төгрөг, дизелийн түлш (л) дунджаар 3385 төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 53.0-60.9 хувиар тус тус өссөн байна.
Холбоотой мэдээ