Ам.доллартой харьцах юанийн ханшийг бууруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2022-05-06 15:33:38

БЭЭЖИН. /RIA Novosti/. Баасан гарагт Хятадын Ардын банк /Төв банк/ юанийн ам.доллартой харьцах ханшийг 6.6332 болгож бууруулсан нь 2020 оны 11 дүгээр сарын 5-наас хойших хамгийн доод үзүүлэлт боллоо.


Тавдугаар сарын баярын дараах ажлын эхний өдөр буюу пүрэв гарагт ам.доллартой харьцах юанийн дундаж ханш 505 суурь нэгжээр огцом өссөн ч баасан гарагт 660 суурь нэгжээр огцом бууруулсан байна.


Шанхай хотод үргэлжилж буй хөл хорио, үүнээс үүдсэн үйлдвэрлэл, ложистикийн саатал, мөн Бээжинд “COVID-19”-ийн шинэ дэгдэлт гаргасантай холбогдуулан Хятадын Төв банк үндэсний валютынхаа ханшийг дөрөвдүгээр сарын сүүлчээс бууруулж эхэлжээ. Дөрөвдүгээр сарын 26-ны өдөр юанийн ханш 2015 оны наймдугаар сарын 13-наас хойших хамгийн их уналтыг үзүүлж, даруй 681 суурь нэгжээр буурсан байна.


БНХАУ-ын эрх баригчид гуравдугаар сарын 5-ны өдөр парламентынхаа чуулганы нээлтийн үеэр улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөг танилцуулахдаа 2022 онд юанийн ханшийг оновчтой, тэнцвэртэй түвшинд тогтвортой байлгах, мөн мөнгөний тэнцвэртэй бодлого явуулах зорилт дэвшүүлснээ мэдэгдсэн юм.


Холбоотой мэдээ