Б.Отгонжаргал: Тарьц, суулгацын нөөц хангалттай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-05-08 11:59:10

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Б.Отгонжаргалтай “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, энэ жилийн мод тарих ажлын талаар ярилцлаа.

          - Энэ жил хэдий хэмжээний мод тарих зорилт тавьж байна вэ?

- Аймгийн хэмжээнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарсан. Нийтдээ 20,0 сая мод тарьж, ургуулахаар төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу эхний жил доод тал нь нэг сая мод тарихаар бэлтгэл, зохион байгуулалтын ажил хийж байна. Хаврын мод тарилтаар 400-500 мянган ширхэг мод тарих юм. Булган сумын хэмжээнд аж ахуйн нэгж, байгууллага, айл өрх нийлээд энэ жил 58,0 мянган ширхэг мод тарихаар төлөвлөсөн. Хаврын тарилтаар 30,0 мянган мод тарихаар сумын ажлын хэсэгтэй тохиролцсон.

Булган суманд таван байршилд мод тарихаар төлөвлөгөөнд тусгалаа. Энэ нь “Сансар” I, II цэцэрлэгт хүрээлэн, “Монос” төгөлд мод тарина. Мөн БОАЖЯ-наас “Ногоон төгөл-ногоон паспорт” аяны хүрээнд 3,5 га газар мод тарихаар төлөвлөсөн. Түүний эхний мод тарилтыг хийнэ. Дараагийн ээлжинд буюу ирэх жилээс Бунхан толгойн ар талын энгэрт ногоон төгөл үүсгэхээр төлөвлөгөөнд тусгаад ажиллаж байгаа.

- Шинээр тарих модны тарьц, суулгацны нөөц ямар байна вэ?

- Аймгийн хэмжээний тарьц суулгацын нөөцийн хувьд долоон суманд 1-4 настай нэг сая 553,0 мянган ширхэг мод байгаа. Хаврын тарилтаар бол 996,0 тарьц суулгац зах зээлд нийлүүлэх боломжтой. Тэгэхлээр манайх мод тарих бололцоо болон тарьц, суулгацын нөөц хангалттай байна. Манай иргэд, аж ахуйн нэгж, байгууллага “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ирээдүй хойч үедээ үлдээж байгаа өв гэж үзэж энэ ажилд идэвхтэй оролцож байна. Элсний нүүдэл, цөлжилт идвэхтэй явж байгаа учир түүнийг багасгах, сааруулах ажил хийх зүйтэй гэж үзэж мод тарих ажлыг ирээдүйдээ зориулан хийж байгаа юм.

- Модны тарьц, суулгацыг гадагшаа өөр аймгийн зах заалд нийлүүлж байна уу?

- Аймгийн аж ахуйн нэгжүүдэд Булган суманд зохион байгуулж байгаа модны тарьц суулгацны үзэсгэлэн худалдаа өнгөрсны дараа гадагшаа бүтээгдэхүүнээ нийлүүлэх чиглэл өгсөн. Гэхдээ манай аймгийн зэргэлдээ Орхон аймгийн том зах зээл байгаа. “Эрдэнэт” үйлдвэр 100,0, Орхон аймаг 20,0 сая мод тарих төлөвлөгөөтэй. Тэгэхлээр тарьц суулгацын эрэлт хэрэгцээтэй байна. Манай аймгийнхны хувьд тарьц, суулгац байгаа дээр өөрсдөө эхэлж мод тариалахад анхаарах шаардлага байгаа.

Энэ удаагийн үзэсгэлэн худалдааны талбай дээр 22 аж ахуйн нэгж, 17 төрлийн тарьцтай оролцож байна.

- Нийт суманд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний ажлыг хэрхэн зохион байгуулж байна вэ?

- Сум бүрт ажлын баг зохион байгуулж, ерөнхий төлөвлөгөө гаргасан. Тарьцны нөөцтэй аж ахуйн нэгжийг сумдад хуваарилаад тарьц, суулгацыг захиалгын дагуу нийлүүлэх чиглэл өгсөн. Сум бүр модны тарьцны захиалгаа байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчид өгсөн. Ирэх долоо хоногоос эхлээд мод тарилтын ажлаа эхэлж байна.



Холбоотой мэдээ