Б.Ядамсүрэн: “Дижитал боловсрол”-ыг хөгжүүлэх бэлтгэл ажлыг үе шаттай хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2022-05-09 10:19:22

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Ядамсүрэнтэй ярилцлаа. Энэ онд боловсролын салбарт орчин үеийн мэдээллийн технологид суурилсан “Дижитал боловсрол”-ыг хөгжүүлэх зорилттой ажиллаж байна.


-Техник технологийн хөгжлийг дагаад хүүхдэд чанартай боловсрол олгох гарцыг юу гэж харж байна?

-Увс аймгийн Засаг даргын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт боловсролын салбарын чанар, хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр хийж, хэрэгжүүлэх ажлыг тусгасан. 2022 он бол орчин үеийн мэдээллийн технологид суурилсан дижитал боловсролыг хөгжүүлэх гарааны жил байх болно. Бид дэлхийд өрсөлдөх мэдлэг, ур чадвартай оюунлаг иргэдийг бэлтгэх зорилт тавин ажиллаж байна. Хүүхэд, залуучууд оршин суугаа газраасаа дэлхийн хэмжээний мэдлэг, мэдээллийг хүртээмжтэй авах орчныг бүрдүүлэхийн тулд цахим технологийг сургалтад нэвтрүүлэх хэрэгтэй гэж үзсэн. Тухайлбал он гарсаар 450 сая төгрөгийн төсөвт өртгөөр “Нэг анги-Нэг ухаалаг самбар”-тай болох ажлыг эхлүүллээ. Увс аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн БСУГ, “Sankou Marketing Mongolia” ХХК-тай хамтран MAXHUB брэндийн ухаалаг самбарыг 12 сургууль, 12 цэцэрлэгт хүлээлгэн өглөө. Цаашид аймгийн хэмжээний бүх сургууль, цэцэрлэгүүдийг ухаалаг самбартай болгохын тулд Боловсрол, шинжлэх ухааны яаманд төсөл бичээд байна.


-Дэлхийд өрсөлдөх чадвартай иргэн хэлний мэдлэг өндөр байх ёстой. Энэ талаар ямар бодлого гарган ажиллаж байна?

-Сүүлийн үед залуучууд гадаадын их, дээд сургуульд суралцах хүсэлтэй болсон. Үүнийг дагаад англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх сонирхол их байна. Мэдээж дэлхийн иргэн болохын тулд англи хэлний өндөр боловсролтой байх ёстой. Энэ ч утгаараа ерөнхий боловсролын сургалтаар хэлний мэдлэг олгож буй англи хэлний багш нарыг чадавхжуулахын тулд Америкийн элчин сайдын яамтай хамтран цахим сургалт зохион байгуулж байна. Англи хэлний багш нар сурагчдыг дотоодын их дээд, сургуульд бэлтгэхээс гадна гадны сургуульд бэлтгэх аргазүй, мэдээлэлтэй болох нь чухал юм. Цаашид элсэлтийн ерөнхий шалгалтыг хүүхэд бүр анги хэлний хичээлээр өгдөг болох тогтолцоо руу шилжинэ. Энэ жилийн тухайд англи хэлний шалгалтад хамгийн олон хүүхдийг хамруулсан сургууль, багшийг урамшуулна. Нэг ёсондоо ЕБС-ийн англи хэлний сургалтыг сайжруулах зорилгын хүрээнд багш нарыг чадавхжуулах замаар сурагчдын хэлний мэдлэгийг дээшлүүлэхийг зорьж байна.


-Мэдээллийн технологид суурилсан “Дижитал боловсрол” хөтөлбөрийн бодит үр дүн юу вэ?

-“Дижитал Увс” хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, барилга хот төлөвлөлт гээд бүх салбарыг цахимжуулж, нээлттэй, ил тод, хурдан шуурхай үйлчилгээг иргэдэд хүргэхийг зорьж байгаа. Тухайлбал боловсролын салбарт “Дижитал боловсрол” хөтөлбөр хэрэгжсэнээр сургууль, багш, сурагч, эцэг эхчүүдийн хамтын ажиллагаа, уялдаа холбоог хангасан цахим программыг нэвтрүүлэх юм. Тухайлбал сургуулийн удирдлагууд багш нартайгаа хамтрах, хяналт тавих, зөвлөн туслах бол эцэг эхчүүд хүүхдийнхээ сурлагад хяналт тавих, багштай эргэх холбоотой ажиллах зэрэг тал бүрийн боломж бүрдэнэ. Мөн багш нар өөрсдийн жишиг сургалтын хөтөлбөр, аргазүйгээ бусад сургуулийн багш нарт хуваалцах, эргээд багш нарын сайн хичээлийг сурагчид интернэт орчинд харах замаар харилцан хөгжих юм. Цахим программыг хөгжүүлэх бэлтгэл ажил хийж, олон улсын компаниас туршлага, зөвлөгөө авч байна. Мөн программ хөгжүүлэлтийн ажлын тендер, сонгон шалгаруулалтын ажил явагдаж байгаа. Үндсэндээ энэ онд мэдээллийн технологид суурилсан “Дижитал боловсрол”-ыг хөгжүүлэх гарааны жил байх болно.


-Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд ямар дэмжлэг хүрч байна?

-Мэдээллийн технологид суурилсан боловсролыг ирээдүйд хүртэх цэцэрлэгийн багачуудынхаа оюун ухаан, сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор 420 сая төгрөгийн өртөг бүхий бяцхан инженерчлэл тоглоомыг нийлүүллээ. Цэцэрлэгийн хүүхдүүд аливааг бүтээх, угсрах, босгох явцдаа сэтгэхүй нь хөгжих, мөн тоглоомоо угсран хоол хийх, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх зэргээр ахуйн ажилд суралцах, өөрийн гараар бүтээх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Мөн цаашид хөгжимт хөдөлгөөнд суурилсан биеийн тамирын сургалтыг хичээллүүлнэ. Хүүхэд хөгжмийн мэдрэмжтэй, хөдөлгөөний эвсэлтэй, эрүүл, бие бялдартай болох боломжийг хөдөлгөөнт биеийн тамирын сургалт олгоно. Баруун таван аймгийн биеийн тамирын багш нарын зөвлөгөөнөөр энэ асуудлыг хэлэлцэн, ирэх хичээлийн жилээс сургалтад нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл ангийн 40 минутын биеийн тамирын хичээл хөгжим, гимнастик, хөдөлгөөнд суурилсан байна. Харин хүүхэд спортын төрлүүдээр хичээллэх бол сонирхсон дугуйлангаа сонгох боломжтой.


-Хүүхдэд баруун Монголын соёлыг шингээсэн язгуур урлагаа өвлүүлэх ажлыг хүртээмжтэй болгоход хэрхэн анхаарах вэ?

-Даяарчлалын зуунд монгол хүн бүр үндэс угсаа, өв соёлоо авч үлдэхэд анхаарах ёстой. Тэр дундаа бид баруун Монголын өв соёл, уламжлалыг хойч үедээ өвлүүлэн үлдээхийн тулд боловсролын байгууллагуудтай хамтран ажиллаж байна. “Хүн болох багаасаа-1,2” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр тодорхой үр дүн гарч буй. Цаашид хүүхэд бүр бий биелдэг, икэл хуур тоглодог болгохын тулд боловсролын байгууллагууд, эцэг эхчүүдтэй илүү өргөн хүрээтэй хамтарч ажиллана. Уг ажилд ашиглах сургалтын хэрэглэгдэхүүнийг нийлүүлэх тал дээр анхаарна. Нэг ёсондоо салбарын түвшинд нэгдсэн мэдээлэл бүхий цахим орчныг бүрдүүлэх, боловсон хүчнийг бэлтгэх, материаллаг хэрэглээг хангах гэх мэтчилэн боловсролын салбарт олон ажил хийхээр төлөвлөн эхнээсээ үе шаттай хэрэгжиж байна.


-Ярилцсанд баярлалаа.


Холбоотой мэдээ