Орост “Сибирийн яр” гоц халдварт өвчин дэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-08-03 09:45:20

МОСКВА. /TASS/. ОХУ-д гоц халдварт “Сибирийн яр” өвчний халдвар тархсаны улмаас нэг хүн нас барж, халдвар авсан байж болзошгүй 90 хүн эмнэлгийн хяналтад байна гэж тус улсын албаны хүмүүс мэдэгдлээ.

Уг өвчний халдвар авсан нь тогтоогдсон 12 настай хүү энэ долоо хоногийн даваа гарагт нас баржээ.

Тус улсын Ямало-Ненецийн автономит мужид нянгийн гаралтай, амь насанд хүрэх аюултай энэ өвчин өнгөрсөн 7 дугаар сарын сүүлчээр дэгдсэн байна.

Цаа бугатай олон айл өрх энэ мужид амьдардаг юм. 160 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж, 90 хүнийг эмнэлэгт хэвтүүлжээ.

Албаны хүмүүс хэлэхдээ “есөн хүн, тэдний дотор дөрвөн хүүхэд халдвар авсан нь тогтоогдоод байна” гэв.

“Сибирийн яр”-ны халдвар авсны улмаас 2300 гаруй цаа буг үхээд байгаа ажээ.

Энэ халдварт өвчин тус улсад хамгийн сүүлд 1941 онд тархаж байжээ.

Тус мужид ердийнхөөс илүү халж байгаагийн улмаас “Сибирийн яр” дэгдсэн байж магадгүй гэж албаны хүмүүс үзэж байна.

Тэдний хэлснээр, цаг агаар хэт халж байгаагийн улмаас тус мужийн мөнх цэвдэг хайлснаар энэ халдварт өвчний нянгууд идэвхжсэн бололтой.

Сүүлийн үед тус мужид температур 38°C хэмээс давж халжээ. Жилийн энэ үед тус мужид температур дунджаар 10-15°C хэм байдаг аж.

Г.Доржханд

Холбоотой мэдээ