Хүүхдийн эсрэг зөрчил, гомдол мэдээлэл нэмэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-05-10 14:35:48

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг нь 90 гаруй хүн амтай. Үүнээс 18 хүртэлх насны хүүхэд 36736 байгаа нь нийт хүн амын 40.6 хувийг эзэлж байна.

2021 оны байдлаар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хүүхдийн эсрэг зөрчил, гомдол мэдээлэл 169 бүртгэгдсэнийг сумдын хамтарсан багаар дамжуулан хариу үйлчилгээ үзүүлэн ажиллажээ.

Үүнийг төрлөөр нь авч үзвэл, бие махбодийн хүчирхийлэл 23 хувь, сэтгэл санааны хүчирхийлэл 42, үл хайхрах хүчирхийлэл 29, бэлгийн хүчирхийлэл 6 хувийг эзэлж байгаа нь эцэг эхийн болон хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн хариуцлагыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг илэрхийлж байна.

Мөн судалгаагаар хүүхдийн эсрэг зөрчил, гомдол мэдээлэл нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа аж. Иймээс холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандартын хэрэгжилтийг хангахад салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах, хүүхдийн асуудлаар талуудын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор “Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн нэгдсэн зөвлөгөөн”-ийг өнөөдөр Ховд аймагт зохион байгуулж байна.

Зөвлөгөөнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Прокурорын газрын төлөөлөл, аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүд, сумдын хамтарсан багийн гишүүд, Жаргалант сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн төлөөлөл гээд 200 орчим хүн оролцож, санал бодлоо илэрхийллээ.  

Хүүхдийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулсан эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хуулиуд батлагдан гарснаар манай улс хүүхдийн эсрэг хүчирхийллийг бүх орчинд хуулиар хориглосон дэлхийн 49 дэх орон болсон.

Манай улсад хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээрх хууль, эрх зүйн орчин сайжирч, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэж, тодорхой үр дүн гарч байгаа хэдий ч тулгамдаж байгаа шийдвэрлэх асуудлууд байсаар байна.

Зөвлөгөөний үр дүнд оролцогчид гэр бүлийн талаар төрөөс баримталж байгаа бодлогын хэрэгжилт, анхаарах асуудал, хамтарсан багийн эрх зүйн орчин, түүний шинэчлэлт, нийгмийн ажлын үйлчилгээний стандарт хүүхэд хамгааллын үйлчилгээг санхүүжүүлэх журмын талаар шинэ мэдлэг, мэдээлэлтэй болно.

Ингэснээр цаашид Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн хамтын ажиллагааны уялдаа холбоо сайжирч, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагаа эрчимжих боломж бүрдэнэ гэж албаныхан үзэж байна.   

 

 

Холбоотой мэдээ