“Монгол бичгийн цахим бичвэр-2022” улсын уралдааны шилдгүүдэд шагнал гардуулав

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2022-05-10 15:10:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Үндэсний бичиг үсгийн баярын хүрээнд Соёлын яам, Монгол Улсын Үндэсний номын сангаас зохион байгуулж буй “Бүтээлч бичигтэн-2022” монгол уран бичлэгийн үзэсгэлэн болон Хэлний бодлогын үндэсний зөвлөл, “Бидний монгол бичиг” ТББ-тай хамтран зохион байгуулсан “Монгол бичгийн цахим бичвэр-2022” улсын уралдааны шилдгүүдэд шагнал гардуулах ёслол Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд боллоо.

 

“Бүтээлч бичигтэн-2022” монгол уран бичлэгийн үзэсгэлэнд 15 уран бүтээлчийн 20 бүтээл дэлгэжээ. Үзэсгэлэнг энэ сарыг дуустал Монгол Улсын Үндэсний номын сангийн 1-3 дугаар давхарт дэлгэн толилуулах юм.

 

“Монгол бичгийн цахим бичвэр-2022” улсын уралдааныг энэ сарын 4-нд зохион байгуулж дүгнэсэн бөгөөд өнөөдөр шилдгээр шалгарсан оролцогчдод шагналыг гардууллаа. Шагналыг Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэл нар гардуулж, баяр хүргэн амжилт хүсэв.

 

Уралдаанд оролцохоор 606 оролцогч бүртгүүлснээс 500 гаруй оролцогч цахимаар биечлэн оролцож, юникодын болон юникодын бус фонтоор цахимд бичих гэсэн хоёр төрлөөр мэргэжлийн ба мэргэжлийн бус ангилалд; гар утасны Chimee хэрэглүүр ашиглан бүтээл бэлтгэж ирүүлэх сурагчдын ангилалд өрсөлдөж, 5 ангиллын эхний 3 байрт шалгарсан шилдэг 15 оролцогч шагналаа гардан авсан юм.

 

 Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо улсын уралдаанд оролцож шалгарсан ЕБС-ийн сурагчдыг анги хамт олныхоо хамтаар Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейг үнэ төлбөргүй үзэхийг урилаа.

 

Монгол хэлний тухай хуулийн дагуу 2025 оноос Монгол Улсын төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, хуулийн этгээд албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна. Албан хэргийг үндэсний бичгээр хөтлөн явуулах үндэс нь цахим бичвэр боловсруулах чадвартай мэргэжилтэн бэлтгэх явдал юм.

Иймд Монгол Улсын Үндэсний номын сан монгол бичгийн цахим хэрэглээг нэмэгдүүлэх, монгол бичгээр цахим бичвэр боловсруулах чадавхтай мэргэжилтнүүдийг бэлтгэх, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Монгол бичгийн цахим бичвэр” улсын уралдааныг уламжлал болгон зохион байгуулж байхаар төлөвлөжээ.





Холбоотой мэдээ