“Улаанбаатар марафон-2022”-д оролцогчдыг энэ сарын 20 хүртэл бүртгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
oyundelger@montsame.gov.mn
2022-05-11 11:46:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тавдугаар сарын 28 буюу автомашингүй өдрөөр “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээн зохион байгуулна.


Олон улсын гүйлтийн тэмцээн угтан нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Улаанбаатар марафонд нэгдэцгээе” цомыг нийслэл, дүүргийн хэмжээнд 60 хоногийн хугацаатай аялуулж байна. Тэмцээний бүртгэл энэ сарын 20 хүртэл үргэлжлэх бөгөөд онлайн бүртгэлийг www.marathon.ulaanbaatar.mn сайт болон нийслэл, дүүргийн БТСХ-ноос томилогдсон мэргэжилтнүүд хариуцах аж. Гүйлтэд нийслэлийн иргэдээс гадна орон нутаг, манай улсад ажиллаж, амьдарч буй гадаадын иргэн, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогч, олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид ч оролцдог онцлогтой.



Цар тахлын улмаас 2 жил өнжсөн “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлт нь манай улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэх, өсвөр, залуу үеийнхэнд дотоод нөөц боломжоо нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилготой.


“Автомашингүй өдөр”-өөр нийслэлийн хэвтээ чиглэлийн гол зам болох Энхтайваны өргөн чөлөө, хотын төвийн Их тойруугийн зам, гудамжаар тодотговол, Сөүл, Бээжин, Анкара, Сүхбаатар, Их сургууль, Элчин, Хөх тэнгэр,  Партизан, Олимп, Самбуугийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлана. Тодруулбал, зүүн 4 замаас баруун 4 зам, мөн Гэсэр сүмээс Зоос гоёл хүртэл, Хүнсний 4 дүгээр дэлгүүрээс Хятадын ЭСЯ хүртэл, тэндээс Сансарын туннел хүртэлх замын хөдөлгөөнийг хаах юм.




Марафон гүйлтийн маршрутыг хөдөлгөөн хаасан зам дагуу төлөвлөөд байна.  2014 оноос эхэлсэн марафон гүйлтэд оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. 2014 онд 16.839, 2015 онд 18.085, 2016 онд 25.000, 2017, 2018 онд 30.000, 2019 онд 32.000 гаруй иргэн оролцжээ.

 

Холбоотой мэдээ