ХУУЛЬ: Хүний хувийн мэдээллийг Хүний эрхийн Үндэсний Комисс хамгаална

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2022-05-12 15:49:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай” хууль 5 дугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэллээ. Энэ харилцааг урьд нь буюу 1995 оноос хойш мөн өдөр хүчингүй болсон “Хувь хүний нууцын тухай” хуулиар зохицуулж байсан юм. Хүчингүй болсон хуульд хэрэглэгдэж байсан  хүний хувийн  мэдээллийн төрлийг шинэ хуульд хүрээг нь өргөтгөжээ. Тухайлбал, хүний хувийн мэдээллийг биометрик, генетик, эрүүл мэнд, захидал харилцаа, эмзэг, хөрөнгийн гэх зэргээр өргөжүүлсэн байна. Тэдгээрийг хуулийн заалт хэлбэрээр нь авч үзье.

  • “Хүний хувийн мэдээлэл” гэж хүний эмзэг мэдээлэл болон хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг; (4.1.11)
  • “Хүний эмзэг мэдээлэл” гэж хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг (4.1.12) гэжээ.

Мэдээллийн эзэн гэж хэн бэ?

Тэгвэл ийм мэдээллийн эзэн гэж хэн байх вэ гэдэг асуулт гарч ирнэ.Үүнд:

  • “Мэдээллийн эзэн” гэж энэ хуулийн 4.1.11-д заасан мэдээллээр тодорхойлогдож байгаа хүнийг, Иргэний хуулийн 17, 18, 19 дүгээр зүйлд заасан, хуульд өөрөөр заагаагүй бол мөн хуулийн 16 дугаар зүйлд заасан иргэн бол түүний хууль ёсны төлөөлөгчийг (4.1.5); хэмээн  хууль дээрх асуултад хариу өгсөн байна.

Мэдээллийн эзнийг тодорхойлох боломжгүй болгож түүх, эрдэм шинжилгээ, урлаг, утга зохиолын бүтээл туурвих, статистикийн мэдээлэл бэлтгэх зорилгоор мэдээлэл боловсруулах, ашиглах боломж энэ хуулиар нээлттэй. Ийм боломж үүнээс гадна сэтгүүл зүйн зорилгоор мэдээллийн эзний зөвшөөрлөөр, эсхүл нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс хүний хувийн мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглахаар зохицуулсан байна. Эдгээрээс бусад тохиолдолд хуульд заасны дагуу болон өөрөөс нь зөвшөөрөл авч хувийн мэдээллийг нь цуглуулна. Эзэнд түүний мэдээллийг цуглуулах талаар 7 төрлийн танилцуулга хийх учиртай. Тэдний заримыг нь хуулиас харъя.

  • цуглуулах, боловсруулах, ашиглах мэдээллийн жагсаалт (8.2.3);
  • мэдээлэл боловсруулах, ашиглах хугацаа; (8.2.4)
  • мэдээллийг нийтэд ил болгох эсэх (8.2.5)
  • зөвшөөрлөө цуцлах хэлбэр (8.2.7).

Хүний хувийн мэдээллийг хамгаалах субъектүүд

Хүний эрхийн Үндэсний Комисс хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

  • мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, хамгаалах үйл ажиллагааны явцад энэ хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөөнд халдсан, эсхүл халдаж болзошгүй нөхцөл бүрдүүлсэн гэж үзвэл энэ талаар ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаж, шийдвэрлэх, эсхүл өөрийн санаачилгаар шалгаж, шийдвэрлэх, уг асуудлаар холбогдох байгууллагад шаардлага, зөвлөмж хүргүүлэх (24.1.2);
  • хүний эмзэг мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, хамгаалах чиглэлээр холбогдох байгууллагад шаардлага, зөвлөмж өгөх (24.1.3);
  • мэдээлэл хариуцагчийн энэ хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу хүний оролцоогүй цахим хэлбэрээр боловсруулалт хийх технологийг ашиглан мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөмж өгөх (24.1.5);
  • Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд мэдээлэл хамгаалах үйл ажиллагаа, гарсан зөрчил, мэдээллийн эзний эрхийн хэрэгжилтийн талаар тусгах (24.1.6) гэсэн байна.  

Мөн харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон төрийн бусад байгууллага мэдээлэл хариуцагчийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжид заасан чиг үүргийн хүрээнд хуулийн хэрэгжилтэд хяналт тавих юм. Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага цахим орчинд мэдээлэл хамгаалах юм. Энэ талаар хуулиас дэлгэрүүлбэл,

  • хүний хувийн мэдээлэл хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, олон нийтэд сурталчлан таниулах, холбогдох байгууллагатай хамтран ажиллах, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх; (25.1.1)
  • хүний эмзэг мэдээлэл, генетик болон биометрик мэдээлэл боловсруулахад баримтлах технологийн аюулгүй байдлын шаардлага, журмыг батлах; (25.1.2)
  • мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах зориулалттай мэдээллийн системийн аюулгүй байдал алдагдсан, кибер халдлагад өртсөн талаар мэдээлэл хариуцагчаас ирүүлсэн мэдэгдлийг хүлээн авч бүртгэн, шаардлагатай арга хэмжээг даруй авах. (25.1.3)
  • Төрийн байгууллага мэдээлэл хариуцагчийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжид заасан чиг үүргийнхээ хүрээнд хяналт тавина (26.1) гэжээ.

Гомдол гаргах

Төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үйл ажиллагаанд холбогдох гомдлыг Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хуульд заасны дагуу эрх бүхий байгууллага, эсхүл Хүний эрхийн Үндэсний Комисст гомдол гаргаж, шийдвэрлүүлэхээр, шийдвэрийг мэдээллийн эзэн эс зөвшөөрвөл шүүхэд хандах боломжтой. Энэ талаар хуулийн заалтууд ямар байгааг авч үзье.

  • Мэдээллийн эзэн энэ хуульд заасны дагуу төрийн байгууллагын мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үйл ажиллагаанд холбогдох гомдлыг Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хуульд заасны дагуу гаргаж шийдвэрлүүлнэ (28.1)
  • Хариуцагчийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үйл ажиллагаанд холбогдох гомдлыг эрх бүхий байгууллага, эсхүл Хүний эрхийн Үндэсний Комисст гаргаж шийдвэрлүүлнэ (28.2)
  • Эзэн энэ хуулийн 28.1, 28.2-т заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно (28.3) гэсэн байх юм.

Хуулийн хориглосон заалтууд

  • Мэдээллийн эзнээс хуульд заасан үндэслэл болон анх зөвшөөрөл авснаас өөр зорилгоор мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахыг хориглоно (29.1).
  • Мэдээллийг хүний оролцоогүй цахим хэлбэрээр боловсруулсны үр дүнд мэдээллийн эзний эрх, эрх чөлөөг зөрчихийг хориглоно (29.2)
  • Мэдээллийг энэ хуульд заасны дагуу олж мэдсэн этгээд бусдад задруулахыг хориглоно (29.3).   Эдгээр  хориглосон заалтыг зөрчсөн тохиолдолд доорх хариулга хүлээхээр зохицуулжээ.
  • Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль, эсхүл Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ (30.1)Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ (30.2).
Холбоотой мэдээ