Иргэдийн дунд гепатитын В вирус элбэг байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-05-17 10:32:21

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Элэгний хавдраас урьдчилан сэргийлэх “Гепатитгүй Монгол” төсөл Сүхбаатар аймагт хэрэгжиж байна. Энэ хүрээнд 5 дугаар сарын 9-нөөс ХӨСҮТ-ийн лабораторийн баг иргэдэд шинжилгээг хийж эхэлсэн бөгөөд 856 цусны сорьж цуглуулж, 650 орчимд нь шинжилгээ хийжээ. Ингэхэд 9,5 хувьд гепатитын В вирус, 5,5 хувьд С вирусний халдвар илэрчээ.

Ажлын багийнхан С вирусыг голлон илрүүлэхээр ажиллаж байгаа ч В вирус иргэдийн дунд их байна. Энэ вирус нь гепатитын Д вирустэй хавсрах тохиолдол элбэг байдаг учраас Д вирусний халдвар илрүүлэх шинжилгээг захиалж авчруулж, дахин шинжилгээ авч эхэлсэн. Шинжилгээний хариу ийн эерэг гарсан иргэдэд биечлэн зөвлөгөө өгч, дараагийн шатны үзлэг шинжилгээнд хэрхэн хамрагдах талаар мэдээллийг өгч байна. Мөн вирусний халдвартай иргэдэд 5 дугаар сарын 17-ноос Улаанбаатар хотоос ирсэн нарийн мэргэжлийн эмч нарын хамтарсан багийн үзлэг эхэлнэ гэж төслийг хамтран хэрэгжүүлэгч "Fire" ТББ-ын хөтөлбөр хариуцсан захирал М.Мөнхнасан хэллээ.

Нарийн мэргэжлийн эмч нарын багт Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Хавдар судлалын төв, Японы Сагагийн их сургуулийн мэргэжилтэн багтсан байна. Тэд элэгний хатуурлын зэрэг тодорхойлох төхөөрөмжийг ашиглан нарийн үзлэг оношилгоог хийх аж.

Сүхбаатар аймгийн иргэдийн дунд тэргүүлэх таван өвчлөлийн нэгд хавдар ордог. Үүн дотроо элэгний хавдар хамгийн элбэг байдаг. Тиймээс аймаг орон нутгийн зүгээс энэ төрлийн өвчлөлийг илрүүлэх үзлэг оношилгоог мэргэжлийн олон байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг хэдий ч иргэдийн идэвх сул байгааг хэлж байна.

Дээрх төслийг аймгийн ЗДТГ, ЭМГ, "Fire" ТББ-тай хамтран хэрэгжүүлж байна.

 

Холбоотой мэдээ