“McDonald's” Оросын зах зээлээс гарна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-05-17 16:51:02

ВАШИНГТОН. /DW/. Америкийн түргэн хоолны тэргүүлэх сүлжээ болох “McDonald's” Орос дахь олон зуун хоолны газраа худалдах үйл явцыг эхлүүлсэн талаараа даваа гарагт мэдэгдсэнээр Оросын зах зээлээс гарч байгаа Өрнөдийн компаниудтай нэгджээ.


“Украин дахь дайнаас үүдэлтэй хүмүүнлэгийн хямрал, урьдчилан таамаглах аргагүй үйл ажиллагааны нөхцөл нь Орост бизнесээ үргэлжлүүлэн эрхлэх боломжгүй болсон гэсэн дүгнэлтэд хүргэлээ” гэж АНУ-ын Чикаго хотод төвтэй тус компани мэдээлсэн байна.


McDonald's” нь гуравдугаар сард буюу Орос Украин руу довтолсны дараахан ОХУ дахь 850 түргэн хоолны газраа түр хугацаагаар хааж буйгаа мэдэгдээд байсан юм. Гэвч 30 гаруй жил явуулсан үйл ажиллагаагаа зогсоож буйгаа ийнхүү даваа гарагт зарлажээ.


Тодруулбал, тус компани худалдан авалт эцэслэн дуустал 62 мянган ажилтнаа хөлсөлж, цалин хөлсийг нь олгох Орос худалдан авагч хайж байгаагаа мэдэгдсэн байна. Үүнд боломжит худалдан авагчийн талаар дурдаагүй байжээ.


McDonald's” Орост анхны хоолны газраа 30 гаруй жилийн өмнө буюу Берлиний хана нурсны дараа, ЗХУ-ыг задрахаас өмнө Москва хотын төвд нээж байсан юм. Тухайн үед энэхүү үйл явдлыг АНУ, ЗХУ-ын Хүйтэн дайны хурцадмал байдал намжиж байгаагийн илрэл гэж олон хүн харж байжээ. 

Холбоотой мэдээ