Монгол Улсад жилд дунджаар 16 мянган хос гэрлэлтээ бүртгүүлдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-05-18 18:08:31
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ, ГБХЗХГ, ХНХЯ хамтран “Гэр бүлийн хөгжил оролцоо” чуулганыг зохион байгууллаа. Чуулганаар Монголын гэр бүлд тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлогын талаар хэлэлцлээ.

Орхон аймаг 106 мянган хүн ам, 29 мянган өрхтэй. Өнгөрсөн онд 480 хос гэрлэлтээ батлуулснаас 2020 онтой харьцуулахад 13.8 хувиар өссөн бол гэр бүл салалт 13.5 хувиар буурчээ. Аймгийн хүн амын 30.8 хувийг 15-34 насныхан эзэлж хөдөлмөрийн насны 40 хувийг мөн залуучууд бүрдүүлж байна.

“Гэр бүлийн хөгжил оролцоо” чуулганы зорилго нь гэр бүлийн тогтвортой байдлыг хангахад төрөөс баримталж буй бодлого, тулгамдаж буй асуудал, залуу гэр бүлд тохиолдож буй бэрхшээлүүд, гэр бүл салалтад нөлөөлж буй хүчин зүйлс, гэр бүлийн хүчирхийллийг бууруулахад авч хэрэгжүүлж буй арга хэмжээ зэрэг олон сэдвийг хөндөж мэдээ, мэдээллээр хангахад чиглэсэн юм.

Чуулганд ХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга М.Цогтбаатар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ-ын мэргэжилтэн Л.Бадамцэцэг нар илтгэл танилцууллаа. Мөн гэр бүл судлаач нар Монголын гэр бүлд хийсэн судалгааны тайлангаасаа танилцуулсан юм.

Монгол Улсад жилд 16 мянга гаруй хос гэрлэлтээ бүртгүүлдэг бол 3300 орчим нь гэрлэлтээ цуцлуулдаг байна. Үүний цаана бүртгүүлээгүй  хэчнээн салалт байгааг хэлэх боломжгүй гэдгийг гэр бүл судлаачид хэлж байлаа. Мөн 2021 онд хийсэн судалгаагаар 9 гэр бүл тутмын нэгд нь архины хамааралтай хэн нэгэн байгааг тогтоожээ. Монгол Улсад 98 мянга орчим гэр бүл байдаг.

Монгол Улс 1999 онд “Гэр бүлийн харилцааг зохицуулах” хууль баталсан бөгөөд түүнээс хойш 7 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байжээ. Цаашид дахин шинэчлэх шаардлага гарч, хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаа аж.  Шинэчилсэн найруулгад,  

  • Гэр бүлийн орчинд, хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, эцэг эхийн эрх үүрэг хариуцлагыг тодорхой болгох зохицуулалт тусгах,
  • Гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгө зохицуулалт, ялангуяа хүүхдийн эд хөрөнгийн зохицуулалтыг бий болгох,
  • Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг гэр бүлийн орчинд өсгөн хүмүүжүүлэх хууль эрх зүйн үндэслэлийг бий болгох гээд олон зүйлийг шинээр тусгаж байгаа ажээ. 
Холбоотой мэдээ