ЕХ Оросын эрчим хүчнээс хамааралтай байдлаа бууруулах төлөвлөгөө танилцуулжээ

ДЭЛХИЙД | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2022-05-19 16:15:42

БРЮССЕЛЬ. /DW/. Европын Холбоо /ЕХ/ 2030 он гэхэд Оросын эрчим хүчний импортоос хамааралгүй болоход 300 тэрбум еврог зориулахаар төлөвлөж байгаа талаар Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен лхагва гарагт мэдэгджээ.


“Бид Оросын эрчим хүчнээс хамааралтай байдлаа аль болох богино хугацаанд бууруулах шаардлагатай байна. Бид чадна” гэж У.Ляйен Оросын эрчим хүчний импортоос татгалзах ЕХ-ны төлөвлөгөөний талаар танилцуулах үеэрээ хэлсэн байна.


Европын хийн хамгийн том ханган нийлүүлэгч ОХУ Украины руу довтолсон нь ЕХ-г эрчим хүчний бодлогоо эргэн харахад хүргэсэн юм. Орос нь ЕХ-ны хийн 40 хувь, нефтийн 27 хувийг нийлүүлдэг. Мөн тус улс нь байгалийн хийн төлбөрийг рублиэр хийхээс татгалзсан Польш, Болгарт хий нийлүүлэхээ зогсоогоод байгаа юм.


Оросоос нүүрс импортлохыг хориглох ЕХ-ны шийдвэр ирэх наймдугаар сараас хэрэгжиж эхлэх бөгөөд тус холбоо нь Оросын хийн хэрэгцээг энэ оны эцэс гэхэд гуравны хоёроор бууруулахаар төлөвлөж байна. Гэвч Унгар тэргүүтэй далайд гарцгүй орнууд Оросын нефтид хориг тавихыг эсэргүүцэж байгаа тул ЕХ-ны орнууд энэ талаар зөвшилцөлд хүрч чадаагүй байна. 

Холбоотой мэдээ