Спорт дахь Эмэгтэйчүүд комиссын хурлаар 2025 он хүртэл ажлын төлөвлөгөөг танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-05-20 12:13:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮОХ-ны Спорт дахь эмэгтэйчүүд комисс нь үйл ажиллагаа жигдэрсэн, идэвхтэй ажиллаж байгаа комиссын нэг юм.


Тус комиссын гишүүдийн хурал пүрэв гарагт танхим болон цахим хосолсон хэлбэрээр Олимпик хауст болж, МҮОХ-ны Спорт дахь эмэгтэйчүүд комисс 2017-2022 онд хийж хэрэгжүүлсэн ажлуудын тайлан мэдээлэл, комиссын зүгээс 2022-2025 онд хийх ажлын чиглэл, төлөвлөгөөг танилцуулав.


Энэ комисс “Токио-2020” зуны олимпын наадам эхлэхээс нэг жилийн өмнөөс “Өндөр зэрэглэлийн эмэгтэй тамирчин, дасгалжуулагчийг шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэх арга зүй боловсруулах, хөгжүүлэх, судалгаа, сургалт сурталчилгаа” сэдвээр төсөл хэрэгжүүлсэн бөгөөд уг төсөлд олимпын наадмын эрх авсан болон авах магадлалтай 8 спортын 46 эмэгтэй тамирчин хамрагдсан.


Төслийн хүрээнд спортын сэтгэл зүй, түүний дотор эмэгтэй тамирчдын сэтгэл зүйн хэв шинжийг тодорхойлох, зөвлөмж төлөвлөгөө гаргах, тэмцээний өмнөх бэлтгэлийн үеийн болон тэмцээний сэтгэл зүй сэдвээр сургалт зохион байгуулж байв.



Мөн “Ковид-19” хөл хорионы үеэр МҮОНРТ-ийн MNB сувагтай хамтран тамирчдын сэтгэл зүйн сургалтын хичээлийг олимпын медальт, алдартай тамирчдын кейс дээр тулгуурлан видео контент хэлбэрээр бэлтгэсэн бөгөөд эмэгтэй тамирчдын хооллолт, шим тэжээл нөхөх мэдлэг олгох сургалтыг тус тус зохион байгуулжээ. 


Спорт дахь эмэгтэйчүүд комисс Азийн олимпын зөвлөлийн төслийн хүрээнд эмэгтэй тамирчид болон спортын зүтгэлтнийг алдаршуулах видео контент гаргаж, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад алдартай тамирчдаар дамжуулан спортыг сурталчлах, тэднийг алдаршуулах, хүний нөөцийг чадавхжуулах бодлогын хүрээнд тамирчдад, спорт холбоодын хүний нөөцөд зориулсан сургалтууд болон цаг уурын өөрчлөлтийн эсрэг тамирчид дуу хоолойгоо хүргэсэн видео контентийг мөн бэлтгэн гаргасан билээ.


Комиссоос цаашид үйл ажиллагааны цар хүрээг тэлэх, спорт дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, ур чадварыг хөгжүүлэх зорилгын хүрээнд Спорт-Эмэгтэйчүүдийн комиссын хөтөлбөрийг ОУОХ-ны Жендерийн хорооны зөвлөмж, 2020+5 стратегийн бодлого чиглэл, Азийн үндэсний олимпын хорооны стратеги, МҮОХ-н дүрэм журамд нийцүүлэн 2022-2025 оны үйл ажиллагааны үндсэн тулгуур 5 чиглэлээр тодорхойлон гаргалаа.

Холбоотой мэдээ