АНУ-д “Pfizer”-ийн вакцины нэмэлт тунг 5-11 насны хүүхдүүдэд тарихыг зөвлөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2022-05-20 15:30:49

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/ Pfizer-BioNTech” компанийн “COVID-19”-ийн вакцины нэмэлт тунд 5-11 насны хүүхдүүдийг хамруулах зөвлөмжийг пүрэв гарагт гаргажээ.


Тодруулбал, “Pfizer”-ийн вакцины хоёр дахь тунг тариулснаас хойш таван сарын хугацаа өнгөрсөн хүүхдүүдэд тарихыг зөвлөсөн байна. “CDC”-ийн дарга Рошель Валенскигийн хэлснээр, энэ насны хүүхдүүдийг вакцинжуулах ажил бусад бүлгийнхээс хоцорсон нь хүндээр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлсэн байна.


“Энэхүү вакциныг аюулгүй гэдгийг бид мэдэж байгаа учраас нэмэлт тунд хамрагдсан хүүүхдүүдийн тоог үргэлжлүүлэн нэмэгдүүлэх хэрэгтэй” гэж тэрбээр хэлжээ. Мөн “CDC” 12 болон түүнээс дээш насны сул дархлаатай хүмүүс болон 50-иас дээш насны иргэдэд хоёр дахь нэмэлт тунд хамрагдахыг зөвлөсөн байна.


Мягмар гарагт АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар /FDA/ 5-11 насны хүүхдүүдийг “Pfizer-BioNTech”-ийн вакцины нэмэлт тунд яаралтай журмаар хамруулах зөвшөөрлийг олгожээ. Энэ насны хүүхдүүдийг 12-оос дээш насныханд тарьж буй тунгийн гуравны нэгтэй тэнцэх тунгаар вакцинжуулж байгаа юм. 

Холбоотой мэдээ