Ардын язгуур урлагийн анхдугаар уралдааны хоёрдугаар шат эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-05-20 16:05:15

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Цогт сумын уугуул Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын ахмад уран бүтээлч, ардын болон уртын дууч, соёлын өв тээгч, МУСТА Бүдширийн Гүнчиндоржийн нэрэмжит “Ардын язгуур урлагийн анхдугаар уралдаан” Алтай хотноо нээлтээ хийлээ.

Энэхүү уралдааныг Говь-Алтай аймгийн Соёл, урлагийн газар, Ардын дуу бүжгийн “Алтай” чуулга хамтран Б.Гүнчиндорж агсны үр хүүхдийн дэмжлэгээр 18 сум, 2 тосгоны ардын авьяастнуудын дунд тавдугаар сарын 20-ны өдөр зохион байгуулж байна. Уралдааныг хоёр шаттай зохион байгуулж буй бөгөөд эхний шат сум бүрт болсон бол ийнхүү хоёрдугаар шат Алтай хотноо болж байгаа тухай АДБ-ийн “Алтай” чуулгын дарга Э.Отгонбаатар хэллээ. Уралдааны хоёрдугаар шатанд 18 сум, 2 тосгоны 30 гаруй ардын авьяастан уртын дуу, ардын дуу, язгуур урлагийн төрлүүдээр өрсөлдөж байгаа аж. Ардын болон уртын дуу, язгуур урлагийн төрлүүдийг олон нийтэд сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залууст өвлүүлэн үлдээх, шинэ залуу уран бүтээлчдийг бий болгох зорилгоор уг уралдааныг зохион байгуулж байна. 


Б.Гүнчиндорж нь 1942 онд Говь-Алтай аймгийн Цогт сумын далан багт Бүдширийн хоёр дахь охин болж төржээ. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж 1950 онд Цогт сумын сургуульд орж суралцан 1955 онд хөдөө мал маллаж байгаад 1962 онд Говь-Алтай аймгийн Соёлын ордонд уртын дуучнаар анх орж ажилласан байна. Тэрээр Соёлын ордонд дуучнаар ажиллаж байхдаа Ансамблийн уран бүтээлчид ЗХУ-ын Москва, Ленинград, Польш, Варшав зэрэг социалист улс орнуудаар аялан тоглолт хийж явжээ. Удмаар 1967 онд Соёлын ордныг Ардын дуу бүжгийн “Алтай” чуулга болгон өргөтгөхөд гоцлол дуучнаар ажиллаж, 1967-1995 он хүртэл 28 жил, тус аймгийн урлагийн байгууллагад нийтдээ 32 жил ажилласан анхны дуучин билээ. Б.Гүнчиндорж нь гадаад, дотоодын уралдаан тэмцээн, аялан тоглолтод оролцож, Монгол орныхоо 18 аймаг, 350 гаруй сумаар урлагийн бригадаар уран бүтээлээ хүргэдэг байсан ажээ.


Холбоотой мэдээ