ГОВЬ-АЛТАЙ: Р.Ууганбаяр робот кодчиллын дэлхийн аварга боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Есөнбулаг, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн “Хурдан” клубийн гишүүн Р.Ууганбаяр БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулсан “Enjoy AI 2025” олон улсын робот кодчиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дрон кодчиллын төрөлд алтан медаль хүртэж, дэлхийн аварга боллоо.
Р.Ууганбаяр нь Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд хөгжлийн газрын дэргэдэх “Unitel STEAM Hub” болон Ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн багш Ч.Баттулгын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийдэг байна.
Тэрбээр 10 дугаар сард Ховд аймагт зохион байгуулсан баруун бүсийн аймгуудын ахлах ангийн сурагчдын дундах “Хурдан CUP” тэмцээнд тэргүүн байр эзэлсэн тамирчин юм.
Үүний сацуу энэхүү тэмцээний робот кодчиллын төрөлд Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, хөгжлийн газрын дэргэдэх “Unitel STEAM Hub” клубийн суралцагч Б.Есөнмөнх, Э.Өрнөхбаяр нар мөнгөн медаль хүртсэн байна.

“Enjoy AI 2025” робот кодчиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын 38 баг, гурван төрлөөр дэлхийн 61 орны тамирчидтай өрсөлдсөн байна.
Улаанбаатар