Мал сүргийг бүртгэлжүүлж, ээмэгжүүлэх ажлыг эрчимжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-05-20 16:03:58

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Засаг даргын ивээл дор “Сум, багийн Засаг дарга, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүдийн нэгдсэн зөвлөгөөн”-ийг өнөөдөр зохион байгуулж байна. 

Зөвлөгөөнд 17 сум, 91 багийн Засаг дарга болон Хүнс, хөдөө аж ахуйн газар, сумдын Мал үржлийн нэгж, тасгуудын төлөөлөл 160 гаруй хүн оролцлоо.   

Зөвлөгөөний хүрээнд “Малын генетик нөөцийн тухай хууль”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд малд үл давтагдах хувийн дугаараар ялган тэмдэглэх ажлыг зохион байгуулахад шаардагдах зардлыг бүрдүүлэх, 2022 онд аймгийн нийт үхэр сүргийг бүртгэж, ээмэгжүүлэх ажлыг зохион байгуулах талаар сум, багийн Засаг дарга нартай зөвшилцөж, цаашид хамтран ажиллах гэрээ байгуулахаар зорьж байна.     

Үүнтэй холбогдуулан мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл цахимаар болон танхимаар мал аж ахуйн салбарын бодлого чиглэл, зарим анхаарах асуудал, малын ээмэгжүүлэлт, бүртгэл, малын тоо толгойн албан татвар, хоршоо, газар тариалангийн үйлдвэрлэлийн талаар талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.

Зөвлөгөөний үеэр 17 сумын Хөдөө аж ахуйн тасгийн Малын үржил, бүртгэл хариуцсан мэргэжилтнүүдэд суурин компьютер гардуулж өглөө. 

Түүнчлэн Хүнс, хөдөө аж ахуйн газар 2021 онд ажил үйлсээрээ шалгарч, манлайлсан зарим сумын Хөдөө аж ахуйн тасагт шагнал гардуулах бөгөөд сургалтын үйл ажиллагааг үргэлжлүүлж байна.  

Ташрамд, Ховд аймгийн тухайд мал сүргийг бүртгэлжүүлж, ээмэгжүүлэх ажлыг 2011 онд хийж, 400 мянга гаруй малыг бүртгэж байсан. 

Үүнээс хойш зөвхөн баталгаажсан үүлдэр омгийн 10-20 мянган малд ээмэгжүүлэлт, бүртгэл, үзлэг ангилалт хийсээр иржээ. Тэгвэл энэ онд мал сүргийг бүртгэлжүүлж, ээмэгжүүлэх ажлыг илүү эрчимжүүлж байгаагаараа онцлогтой. 

Өнгөрсөн 2021 оны байдлаар 207 мянган толгой үхэр сүрэг тоологдсон. Үүнийг 2022 онд бүрэн ээмэгжүүлэх, ялган тэмдэглэгээ хийхээр төлөвлөжээ.   


Холбоотой мэдээ