“Худалдааны гудамж”-ийг бүрэн нээснээр 640 гаруй түр ажлын байр бий болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-05-20 20:30:10

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх бодлого, чиглэлийн хүрээнд иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, жижиг, дунд бизнесийг дэмжих үүднээс найман байршилд “Худалдааны гудамж” нээхээр болсон. Худалдаа эрхлэхийг хүссэн иргэдээс татвар, талбайн түрээсгүйгээр худалдаа эрхлэх боломжийг нээж, ажиллах орчныг бий болгосон. Энэ хүрээнд өнөөдөр Залуучууд театрын өмнөх Найрамдал талбайн Худалдааны гудамжийг албан ёсоор нээж байна. Зөвхөн энэ гудамжинд гэхэд 140 гаруй түр ажлын байрыг бий болгож байна. Иргэд, жижиг, дунд бизнес эрхлэгчид уг талбайд амьд мал, махан бүтээгдэхүүнээс бусад бүх төрлийн хүнс, бараа, түргэн хоолны чиглэлээр худалдаа эрхлэх боломжтой. Мөн 16 Давхараас Консулын уулзвар, Наадмын талбай, “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэн, “Дархан-50” цогцолбор, “Морин хуур”, Эрдэнэтийн гүүр, Хараагийн гүүр гэсэн нийтийн эзэмшлийн зам, талбайд шууд худалдааг эхлүүлнэ. Худалдааны гудамжуудыш бүрэн нээснээр орон нутагт нийт 640 гаруй иргэн, ААНБ-ыг зун, намрын улиралд түр ажлын байраар хангах нөхцөл боломж нээгдэж байгаа юм. Улсдаа анх удаа түрээсгүй худалдааны гудамжуудыг бий болгон иргэд, ААНБ-дад бодит дэмжлэг үзүүлж буй аймаг болж байна.

Холбоотой мэдээ