Хэнтий аймагт дулааны станцын шав тавилаа

ОРОН НУТАГТ | Хэнтий
odontungalag@montsame.mn
2022-05-21 22:36:22

Хэнтий /МОНЦАМЭ/ Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хөнгөлттэй зээлийн гэрээний хүрээнд 10 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар Хэнтий аймагт дулааны станцын барилга угсралтын шав тавих ёслол боллоо.

 

Уг ёслолд Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, “Экспорт-импорт” банкны Монгол дах суурин төлөөлөлгч И Дун Хён болон хяналт тавих, зөвлөх, гүйцэтгэх компанийн удирдлагууд, аймгийн иргэдийн төлөөлөл оролцлоо.

 

Энэхүү дэвшилтэт технологи бүхий дулааны станц ашиглалтад орсноор хэрэглэгчид дулаан хангамжийн найдвартай эх үүсвэрээр хангагдаж байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө буурна. Нүүрсний хэрэглээ 40-50% хүртэл, үнсний гаралт 25% хүртэл буурах юм. Мөн дулаан хангамжийн үйлдвэрлэлд ажиллагсдын хөдөлмөрийн нөхцөл сайжирч, 100 орчим байнгын ажлын байр шинээр бий болохоос гадна 10,000 м дулааны шугамыг шинээр болон шинэчлэн өргөтгөх ажил хийнэ.

Төслийн санхүүжилтийг БНСУ-ын “Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сан, “Экспорт-импорт” банк, төсөл хэрэгжүүлэгч байгууллагаар Монгол Улсын Эрчим хүчний яам, Төсөл хэрэгжүүлэх нэгж ажиллаж байгаа юм.

Харин төслийн ерөнхий зураг төсөл, ажлын даалгавар боловсруулан барилга угсралтын ажилд хяналт тавих, зөвлөх компаниар БНСУ-ын “Кореан дистрикт хийтинг инженеринг” компанийн “Кей Ди Эч И Си-Кэй Ди Эч Си-Грийн энержи интернэшнл” түншлэл ажиллах бол гүйцэтгэгчээр БНСУ-ын “Бьюксан инженеринг” компани ажиллана.

Барилга угсралтын ажил 26 сар үргэлжилж 2024 оны халаалтын улиралд ашиглалтад хүлээлгэн өгөх юм.

 

 

 

Холбоотой мэдээ