Америк дахь монголчуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-05-23 13:03:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-д ажиллаж, сурч, амьдардаг монголчууд сагсан бөмбөг, волейбол, гольф, хөл бөмбөг боулинг, ширээний теннис, теннис, дугуй, шатар зэрэг спортын олон төрлөөр аваргаа тодруулдаг уламжлалтай.


Энэ олон спортын төрлүүдээс хамгийн олон оролцогчтой, хамгийн нэр хүндтэй нь хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн юм. Америк монголчуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд 2006 оноос түүхээ эхлүүлсэн бөгөөд Монгол Улсын иргэдээс гадна АНУ дахь Халимаг, Буриадын багууд оролцдог, нэг ёсны " монгол туургатны" тэмцээн болдог онцлогтой юм байна.


Насанд хүрэгчид болон Мастерс /ахмад/ гэсэн 2 ангиллаар зохион байгуулдаг энэ тэмцээнийг Америкийн монголчуудын хөлбөмбөгийн холбооноос удирдан явуулдаг байна. Өмнөх тэмцээнүүдийг Денвер, Чикаго, Вашингтон Ди Си, Сан Франциско Бэй Аэриа, Лас Вегас, Сиэтлл, Лос Анжелес , Нью Жерси хотууд хүлээн авч зохион байгуулж байв.


Энэ жил 15 дахь удаагаа зохион байгуулах уг тэмцээн Колорадо мужийн Денвер хотноо 2022 оны 6 дугаар сарын 10-12-нд болно гэж спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин /Таван цагираг/ АНУ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ