Шатрын спортоор Монгол Улсын шинэ аваргууд төрлөө

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2022-05-23 13:25:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Чингис хотноо зохион байгуулсан 2022 оны шатрын насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 60 дахь удаагийн шигшээ тэмцээний аваргаар18 настай Их мастер Дамбасүрэнгийн Батсүрэн шалгарлаа.


Тэрбээр энэ цаг мөчөөс эхлэн Монгол Улсын аварга Д.Батсүрэн хэмээн дуудуулахаар болж байна. Дагшаахүү клуб, ABChess академи, Хэнтий аймгийн тамирчин Их мастер Д.Батсүрэн тэмцээний сүүлийн өрөгт өөрийн хамгийн ойрын өрсөлдөгч Их мастер Б.Гүндаваатай тэнцсэнээр аваргын болзлыг биелүүлэв.


Д.Батсүрэн 16 нас 11 сартайдаа Их мастер цолны босго давсан Монголын хамгийн залуу их мастер бөгөөд тэр 4 дэх удаагийн дайралтаараа “Улсын аварга” хэмээх эрхэм цолны эзэн болж, Монгол улсын 2022 оны шинэ аварга, Монгол Улсын 32 дахь аваргаар ийнхүү тодорч байна.


Мөн шатрын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн 52 дахь удаагийн шигшээ тэмцээний  аваргаар Алтан-Өлзийн Энхтуул тодорлоо.



Элит брейн олон улсын шатрын академи, Дотоодын цэргийн 805 дугаар анги, Сэлэнгэ аймгийн тамирчин эмэгтэйчүүдийн Их мастер А.Энхтуул нэг тойргийн өмнө буюу 10 дугаар тойрогт түрүүлэх болзлоо хангаж, Монгол Улсын аварга эмэгтэй шатарчнаар шалгарлаа.


Их мастер А. Энхтуул 10 дугаар тойргийн тоглолтонд хар өнгөөр наадаж Эмэгтэйчүүдийн ДШХДМ Б. Амин-Эрдэнэтэй эвийн гэрээ байгуулж, түүний араас нэхэж байсан Эмэгтэйчүүдийн ОУМ Б.Баярмаа хар өнгөөр Эмэгтэйчүүдийн ОУМ Т.Мөнхзултай тэнцэж эвийн гэрээ байгуулснаар онооны хоорондын зөрүү 1.5 болж шинэ аварга ийнхүү тодорсон байна.


Их мастер А.Мөнхтуулын хувьд Монгол Улсын шинэ аварга, 2022 оны улсын аварга төдийгүй Монголын эмэгтэй шатарчдын 25 дахь аварга болж байгаа аж.

Холбоотой мэдээ