Монголын эмэгтэй энхийг сахиулагч офицер, ахлагч нар

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2022-05-29 12:13:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн 5 дугаар сарын 29-ийг "Олон улсын энхийг сахиулагчдын өдөр" хэмээн 2002  онд зарлан дэлхий нийтээр тэмдэглэх болсон. Энэ өдөр нь энхийг сахиулагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хичээл зүтгэлийг алдаршуулах учиртай. 


Монгол улсын Засгийн газрын 140-р тогтоолоор 2005 оноос “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-ийг манай орон тэмдэглэж эхэлсэн байна. Энэ жил  "Олон улсын энхийг сахиулагчдын өдөр" Монгол цэрэг НҮБ-ын  энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой өнөөдөр буюу ням гаригт тохиож байна. Энэ өдрийг угтан “Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн алдрыг сурталчлах өдөрлөг”-ийг Соёлын төв өргөөнд 2022-5-27-нд зохион байгуулжээ. Монгол улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У. Хүрэлсүх өдөрлөгт оролцон эмэгтэй эхнийг санхиулагчдад баяр хүргэсэн байна. Мөн өнөөдөр төв талбайд ёслолын арга хэмжээ боллоо.


Монгол Улсын Зэвсэгт хүчнээс Африк тивд цэргийн ажиглагчаар анхны эмэгтэй энхийг сахиулагч хурандаа Н.Нямжаргал 2006 онд явж байжээ. Тэрбээр  одоо НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны төв штабт хэлтсийн даргаар ажиллаж байгаа.  Түүнээс хойш цэргийн багийн захирагчаар ажилласан бэлтгэл дэд хурандаа Г.Тунгаамаа, НҮБ-ын цагдаагийн ажилтнаар анх удаа бие даан үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн дэд хурандаа Д.Энхжаргал, цэргийн хээрийн 2 дугаар шатны  эмнэлгийн багт үүрэг гүйцэтгэсэн Хилийн цэргийн 0151 дүгээр ангийн их эмч, ахлах дэслэгч Д.Ариунжаргал нарын бүсгүйчүүд Энхийг сахиулах ажиллагаанд Монгол эмэгтэй офицер оролцох шанг татжээ. НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагч илгээсэн 112 улсаас 17 дугаарт Монгол улс бичигджээ.

Монголын 872 эмэгтэй офицер, ахлагч өнгөрсөн хугацаанд НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцжээ.Тэдний талаар зарим нэг тоо баримтыг илүү тодорхой болгоё. Тухайлбал: 

  • штабын офицеруудын 10,
  • бүрэлдэхүүний 4,
  • мотобуудлагын баталсны 7,
  • олон улсын ажиллагаанд оролцож буй цэргийн хамгаалалтын ротын 5 хувийг  нь эмэгтэйчүүд эзэлдэг гэжээ.

Монголын эмэгтэй энхийг сахиулагч офицер, ахлагч нар “нутгийн эмэгтэйчүүдийг чадваржуулж, эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг хангаж, тэдэнд үлгэр дууриалал үзүүлдэг” гэж тусгайлан тэмдэглэсэн байна. 


Монгол Улсын Зэвсэгт хүчин анх 2002 онд  Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад хоёр ажиглагч офицер илгээснээр энхийг сахиулагчдын эгнээнд нэгдсэн түүхтэй. Эндээс дэлхийн хамтын нийгэмлэгт монгол цэрэг хүчин зүтгэх нэрийн хуудас эргэж эхэлсэн байх юм.  Түүнээс хойш 20 жил өнгөрчээ. 


НҮБ-ын энхийг дамжих үйл ажиллагаанд Монгол цэрэг оролцсон, үйл явдлыг эргэн харвал давхардсан тоогоор 19,000 орчим цэрэг офицер, албан хаагчид  энхийг сахиулах үйлсэд өнгөрсөн хугацаанд хүчин зүтгэжээ. Тэдний түүхэн гавьяанаас дурдвал, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс (БНӨСУ)-ын Ийда хэмээх үрэгдэгсдийн тосгонд 2015 онд гарсан түймрийг Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн ротын техникийн орлогч, ахлах дэслэгч Н.Амарбаясгалангаар удирдуулсан дөрөвдүгээр ээлжийн мотобуудлагын баталсны 30 гаруй энхийг сахиулагчид цаг алдалгүй шуурхай унтраасан байна. Ингэсний хүчинд 70 гаруй мянган оршин суугчидтай  тус тосгоны иргэдийн амь нас эрсдээгүй. Мөн тус онд Цэргийн багийн III дугаар ээлжийн энхийг сахиулагч ЦЕГ-ын авто баазын эмч, цагдаагийн ахмад П.Цагааннохой тус улсын Бентью хот дахь НҮБ-ын Хубилай болон Арвай баазад  гурван эх (Судан)-ийг төрүүлсэн. Тэнд мэндэлсэн 2 хүү, 1 охиныг эх барьж авсан нь түүхэн үйл явдал болон үлджээ. Энхийг сахиулагчийн эгнээг өргөтгөсөн Монгол цэргийн нэрийн хуудсанд олон сайн үйлс алтан үсгээр бичигдсэн байна. Ийм баримтыг тэдний нэрийн хуудаснаас олныг харж болно.


Ер нь аймаглан устгах, харгислал, олныг хамарсан дайн самуун үеийн үед гарсан. Гэхдээ түүнийг хазаарлан зогсоох талаар дэлхий нийтээр нэгдсэн ойлголтод хүрч чадахгүй уджээ. Харин дэлхийн 2 дугаар дайны дараа НҮБ-ын үндсэн үүрэгт хүний эрхийг хангах (“Хүний эрхийн түгээмэл тунхаглал"), дахин дэлхий нийтийг хамарсан  халдлага, дайн гаргахгүй байх заалт оруулжээ.


Хууль зүйн үүднээс авч үзвэл “Хүний эрхийн түгээмэл тунхаглал" нь заавал биелүүлэх ёстой эрхийн акт биш. Гэвч 1948 онд "Бүх хүн төрөлхтөн, бүх улс орнууд заавал хангах ёстой ерөнхий стандарт" болгож НҮБ-ын Ерөнхий чуулганаар баталсан байна.  Хүний эрхийн түгээмэл тунхаглалын хүрээнд Араб Израилийн хооронд гал зогсоох хэлэлцээрийг хянах үүрэг бүхий цэргийн ажиглагчдын НҮБ 1948 онд  баг гаргаж байжээ. Энэхүү үйл явдлыг эдүгээгийн энхийг сахиулах ажиллагааны  эхлэл, суурь нь гэж дэлхий нийт үзэх болжээ.


Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн АНУ болон ЗХУ-ын сөргөлдөөний улмаас хүйтэн дайны үед (1945-1990 он) Солонгосын дайнд цорын ганц удаа  энхийг сахиулах  үйл ажиллагаа явуулсан гэнэ. Хүйтэн дайн төгсгөл болсноор энхийг сахиулах үйл ажиллагаа хүрээгээ тэлэн хүчээ авч энхийг сахиулагчдын бие бүрэлдэхүүн болж өргөжсөн байна. НҮБ-ын баримт бичиг  (дүрэм)-т  дэлхий нийтийн амар амгалангийн төлөө нэгдсэн үндэстний армитай байж болох тухай заалт байдаг. Гэхдээ ийм арми хараахан байгуулагдаагүй байгаа гэж онцолсон байх юм. Энхийг сахиулах үйл ажиллагаа нь гишүүн орнуудын татвараар санхүүждэг. Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орнууд энэ үйл ажиллагаанд ердийнхөөсөө өндөр санхүүжилт олгодог байх юм.

Холбоотой мэдээ