Банкууд IPO гаргах хугацааг сунгах хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-06-02 10:23:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.


Уг хуулийн төсөлд арилжааны банкуудын IPO гаргах хугацааг нэг жилээр сунгахаар тусгасан юм. Тодруулбал, УИХ 2021 оны нэгдүгээр сарын 29-нд баталсан Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу системд нөлөө бүхий банкууд энэ оны 6 дугаар сарын 30-нд багтан олон нийтэд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн байхаар зохицуулсан. Гэвч цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралыг дагасан үнийн өсөлт, сүүлийн үед олон улсад бий болсон цэрэг улс төрийн хурцадмал байдлаас шалтгаалан цаашид эдийн засаг, санхүү, төсвийн нөхцөл байдал хүндэрч, хөрөнгө оруулалтын орчин эрсдэлд орох хандлагатай байна. Өөрөөр хэлбэл, богино хугацаанд буюу IPO хийх хугацааг хэт ойр тогтоож хэрэгжүүлэх нь хөрөнгийн зах зээл дээр банкны үнэлгээ буурах эрсдэл дагуулж болзошгүй байгаа аж. Иймд банкуудын хувьцаагаа анхдагч зах зээлд олон нийтэд нээлттэй гаргах хуулийн хугацааг сунгах нь зөв хэмээн үзжээ.


Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Ганбат асуулт асуусны дараагаар эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Холбоотой мэдээ